Германы Бундестагийн гишүүнтэй уулзалт хийв.

Германы Бундестагийн гишүүн хатагтай, Др. Христиане Шендэрлайн, түүний ажлын албаны дарга ноён Фредерик Вуцлер, Конрад Адэнауэрийн сангийн Монгол улс дахь суурин төлөөлөгч Виктор Франк нар Глоб Интернэшнл Төвд хүрэлцэн ирж Гүйцэтгэх захирал Б.Онон, хуульч Л.Галбаатар нартай уулзалт хийв. 


Хатагтай ХБНГУ-ын Бундестагийн хэвлэл мэдээлэл, соёл урлагийн байнгын хорооны гишүүн бөгөөд Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд тулгарч буй бэрхшээл болон Монгол улсын иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрч чөлөөний асуудлаар санал солилцож цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа.

ХБНГУ-ын хувьд дижитал хэвлэл мэдээллийн хуулийг хэрэгжүүлж эхлээд удаагүй байгаа бөгөөд хэрэгжилтийнх нь үр дүнг бүрэн мэдэхэд цаг хугацаа хэрэгтэй байгаа тухай ярьж, хамтран ажиллахдаа таатай байх болно гэсэн юм. 


Глоб Интернэшнл Төвийн Гүйцэтгэх захирал Б.Онон цаашид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, мэдэх өрхийн төлөө үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулж, Монгол улсын хувьд хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинд сайтар анхаарах шаардлагатай байгаа, ялангуяа эрх нь зөрчигдсөн сэтгүүлчдэд үзүүлэх хууль, эрх зүйн тусламж үзүүлэхэд хэвлэл мэдээллээр мэргэшсэн хуульч нар ихээхэн дутагдалтай байдаг тухай ярьж хуульчдыг чадавхжуулах талаар  саналаа илэрхийлэв.