Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг хамтран тэмдэглэж, өнөөгийн тулгамдаж буй асуудлуудыг ярилцан хэлэлцэхээр хүрэлцэн ирсэн эрхэм хатагтай, ноёд та бүхний амар амгаланг айлтгая. Түүнчлэн бидэнтэй хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж буй ХЗДХЯ-ны хамт олонд талархал илэрхийлье!
Жил бүрийн тавдугаар сарын 3-ныг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг 1993 оны 12 дугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассеблей гаргасан юм.
1994 онд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан "Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын хэвлэл мэдээлэл, ардчиллын хөгжлийн семинар"-ын үеэр 1994 оны 5-р сарын 6-ны өдөр баталсан түүхт Сантьягогийн тунхаглалаас хойш 30 жил өнгөрчээ.
Энэ жил ДХЭЧ-ний өдрийг дэлхий даяар “Эх дэлхийн төлөө хэвлэл мэдээлэл: Байгаль орчны хямралтай нүүр тулж буй сэтгүүл зүй” сэдэв дор тэмдэглэж байна. 2024 оны ДХЭЧ-ний өдрийн сэдвийг сонгосон ЮНЕСКО-гийн үзэл баримтлалд “Цаг уурын өөрчлөлт, биологийн олон төрөл зүйлийн алдагдал, агаарын бохирдол нь дэлхий ертөнцийн гурвалсан хямрал болж, энэ нь нийтийн эрүүл мэндтэй холбоотойгоор хүн төрөлхтөний гол эрсдэл болон, ардчиллыг бэхжүүлэх, цахим талбаруудад хуурамч, хуудуутай мэдээллийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай тулгарч байна. Мэдээллийн эко систем өнөөгийн хямралд хариу үйлдэл үзүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ. Найдвартай мэдээлэлтэй байх, байгаль орчин, шинжлэх ухааны хараат бус сэтгүүл зүйг бэхжүүлэхийн ач холбогдол, урьд урьдынхаас илүү чухал болж байна” хэмээн дурджээ. Энэ үзэл баримтлалын хүрээнд ДХЭЧ-ний өдрийг тохиолдуулан “ Бид хувь хүмүүсийн эрх, тэдний олон талт дуу хоолой, мөн жендэрийн тэгш байдлыг хүндэтгэдэг тогтвортой ирээдүйг хангах, баталгаажуулахад хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй, мэдээллийн хүртээмж, түгээлтийн ач холбогдол бүхий үүргийг онцлохыг зорьж байна” гээд “Ийм учраас 2024 оны ДХЭЧ-ний өдрийг дэлхий нийтийн байгаль орчны өнөөгийн хямралт нөхцөл байдалтай уялдуулан сэтгүүл зүй, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний ач холбогдлыг цохон тэмдэглэхэд зориулж байна” хэмээсэн юм.
Энэ жил нь дэлхийн хэмжээнд болон дотооддоо нийтээрээ хэлэлцвэл зохих гурван дэд сэдвийг ЮНЕСКО “Цаг уурын хямралын тухай хуурамч, хуудуутай мэдээлэл”, “Байгаль орчны сэтгүүл зүй: Хүчирхийллийн аюул заналтай тэмцэх ба олон талт байдлыг хөхиүлэн дэмжих нь”, “Сэтгүүл зүй, жендэрийн тэгш байдал, байгаль орчин” хэмээн тодорхойлсон байна.
Тогтвортой хөгжлийн төв нь хүн бөгөөд агаар, ус, хөрс цэвэр байх нь хүний эрүүл мэнд, аюулгүй орчны эх цөм нь билээ. Харамсалтай нь, өнөөдөр агаар, ус, хөрсний бохирдол хүн төрөлхтний өмнө, мөн монголын ард түмний өмнө ч тулгарч буй хамгийн ноцтой эрсдлийн нэг болжээ.
Манай сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн манайд нүүрлэсэн үер, зудны нөхцөл байдлын тухай иргэдэд шуурхай мэдээлэх, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэхэд мэргэжлийн үүргээ гүйцэтгэж байгааг тэмдэглэмээр байна. Манай байгууллагаас 2008 оноос хойш жил бүр олгодог “Үнэний төлөө” шагналыг 2023 онд МҮОНТ-ийн байгаль орчны сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн хүртсэнийг эргэн санахад таатай байна.
Цаашид байгаль орчин, шинжлэх ухааны сэтгүүлчдийг бэлтгэх, чадавхжуулах, мэргэшүүлэх хэрэгцээ шаардлага өндөр байна.
Байгаль орчны асуудлууд, үр дагаврууд, тэдгээрийг шийдвэрлэх тухай мэдээлж сурвалжлах явцад сэтгүүлчид заналхийлэл, сүрдүүлгээс ангид байж, аливаа хэлбэрийн цагдан хяналтгүй, улс төр, эдийн засаг, эрх зүйн таатай орчинд мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах ёстой. Ийм ч учраас энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ хэвлэл мэдээллийн олон ургальч, олон талт байдал, ялангуяа орон нутгийн болон хүйн хэвлэл мэдээллийг хөхиүлэн дэмжихийг ЮНЕСКО сануулж байна. Үүнтэй уялдуулан эргэн санахад, дээр дурдсан 1994 оны Сантьягогийн тунхаглалд хэвлэлийн эрх чөлөөг хангахад анхаарах асуудлууд дотор сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах, хүйн хэвлэл мэдээллийг дэмжих тухай онцлон дурдсан байдаг.
НҮБ-ын Хүний эрхийн хороо, Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсад сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах зохицуулалт бий болгох зөвлөмж өгсөн хэдий ч өнөө хэр биелэлээ олоогүй байна. Хэвлэл мэдээллийн олон талт байдлыг хөхиүлэн дэмжих нь мөн л манай улсын олон улсын хамтын нийгмлэгийн хүлээсэн үүргийн нэг боловч хүйн хэвлэл мэдээллийг бодлого, зохицуулатын хүрээнд хүлээн зөвшөөрөөгүй байна. Хүйн хэвлэл мэдээллийн эрх зүйн зохицуулалт бий болгохыг хүссэн захидлыг 2021 онд ХЭҮК-оос Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-д илгээсэн билээ. Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ЦХХХЯ-ны Ажлын хэсэг үүнийг ажил хэрэг болгоно гэдэгт итгэж байна. Үүний зэрэгцээ Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын төрийн бодлого боловсруулж, батлахыг Засгийн газар, хууль тогтоогчдод хандан уриалж байна.
Энэ жилийн ДХЭЧ-ний өдрийн үзэл баримтлалд бас ЮНЕСКО-гийн “Цахим талбарын засаглалын удирдамжид зааснаар цахим талбаруудын засаглалыг сайжруулах, технологийн компаниудын ил тод байдал, эгэх хариуцлагыг дээшлүүлэх тухай тэмдэглэсэн билээ. Цаг уурын өөрчлөлтийн тухай өрөөсгөл ташаа, худал мэдээлэл зарим тохиолдолд байгаль орчны асуудлаар олон нийтэд эргэлзээ төрүүлж, итгэл алдрахад хүргэдэг. Иймд сэтгүүл зүйгээр дамжуулан хуурамч, хуудуутай мэдээлэлтэй тэмцэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, шинжлэх ухааны судалгааны эрх чөлөөг хангаж, мэдээллийн гол эх сурвалжуудын хүртээмжийг сайжуулах тухай улсууд энэ өдөр хэлэлцэн ярилцах нь туйлын чухал болохыг сануулж байгаа юм.
Худал мэдээлэлтэй тэмцэх нь зүйн хэрэг боловч хууль боловсруулах, хүчинтэй хуулидыг хэрэгжүүлэхдээ хүний эрх, мэдээлэлтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж буй иргэд, иргэний нийгмийн байгууллагын шударга шүүмжлэлийг нухчин дарахад урвуулан ашиглахгүй байхыг уриалж байна. Иргэдийнхээ мэдээлэлтэй байх эрх, нээлттэй, ил тод мэдээллийн хүртээмжийн тухай манай төр засаг идэвхтэй ярьж байгаа ч бодит амьдрал дээр иргэдийн үзэл бодлоо баримтлах, илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж буй хуулийн заалтууд нэмэгдэж буй нь харамсалтай. Монгол Улс иргэнээ дээдэлдэг ардчилсан улсын хувьд хуулиудаа эргэн харж, хатуу чанга хязгаарлалтуудаа олон улсын эрх зүйн стандартад нийцүүлэн өөрчилнө гэдэгт итгэж байна.
Олон нийтийн эрх ашигт үйлчилж, тэдэнд үнэнийг хэлэх эрхэм зорилготой чөлөөт хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг хангах, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах нь жил бүрийн ДХЭЧ-ний ёслолын анхаарлын төвд байдаг. Үнэнийг хэлэх амаргүй.. Мэргэжлийн эр зориг шаардсан энэ ажлыг эрхлэгч сэтгүүлчид байнгын эрсдэл тээж явдаг.
2023 оны 12-р сарын 31-ний байдлаар 120 сэтгүүлчийн амь эрсэдсэн тухай гашуудалтай мэдээллийг ОУСХ зарласан юм. “Сэтгүүлчдийг хамгаалах хороо” олон улсын байгууллагын мэдээлсэнээр 2024 оны 4-р сарын 21-ний байдлаар 97 сэтгүүлч Газын зурвас, Баруун эрэгт амь насаа алджээ.
Бүгдээрээ босож, тэдгээр сэтгүүлчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэе!
ДХЭЧ-ний өдөр зориулсан олон талт энэ хэлэлцүүлэгт амжилт хүсэж байна.