Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, эрхэмсэг хатагтай Аксель Никэйзийн Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний Өдрийн илгээлт

НҮБ-ын эрхэм нөхөд өө, Монголын сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн хүндэт төлөөлөгчид өө,  эрхэм хатагтай Наранжаргал, 

Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг та бүхэнтэй хамтдаа тэмдэглэж байгаадаа би туйлын баяртай байна. Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт хараат бус хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр дамжуулан, баримтад суурилсан мэдээлэл авах эрх, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол чөлөө ардчиллын салшгүй нэг хэсэг болохыг сануулсан өдөр юм.

Үндэсний аюулгүй байдал, терроризмтэй тэмцэх, эсвэл “хуурамч мэдээлэл”-тэй тэмцэх нэрийн дор Хэвлэлийн эрх чөлөө, хараат бус байдлыг хязгаарлах оролдлогууд газар авч байгаа өнөө үед чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийг хамгаалах олон нийтийн нэгдмэл байр суурийг бэхжүүлэхэд энэ өдрийн ач холбогдол мөн оршино.

Тийм ч учир, Оросын эрх баригчдын үндэслэлгүйгээр Украйн руу цэргийн хүчээр халдан довтолж, тус улсын хамгийн нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хааж, хараат бус хэвлэл мэдээллийн олон байгууллагуудын цахим хуудсуудыг хориглож,  сэтгүүлчдийг баривчлан, яллаж буйг Европын Холбоо эрс зэмлэн буруушааж байна.

Хэвлэлийн эрх чөлөө, олон ургальч үзэл сүүлийн жилүүдэд огцом уналтад орлоо. Өнөөдөр дэлхийн нийт хүн амын 85 хувь нь амьдарч байгаа улс орнуудад өнгөрсөн таван жилийн хугацаанд хэвлэлийн эрх чөлөө хумигдсан байна. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө 2023 онд 35 улс оронд хумигджээ. 

Европын Холбоо нь хүний үндсэн эрх, эрх чөлөөг дэмжин, хамгаалах чиглэлээр Хүний Эрхийн Үндэсний Комиссын зүгээс хийж буй хүчин чармайлтыг сайшаан дэмжиж байна. Хэвлэлийн эрх чөлөөний хувьд Монгол Улс 2023 онд 180 улс орноос 88-д жагссан амжилтаа ахиулж жил бүрийн Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний үнэлгээгээ нэмэгдүүлэх боломжтой гэдэгт бид итгэдэг. Монголын сэтгүүлчид заналхийлэл, дарамтад өртсөн хэд хэдэн тохиолдлыг НҮБ болон хараат бус ажиглагчид баримтжуулж авсан бөгөөд энэ нь хэвлэлийн хараат бус байдалд сөргөөр нөлөөлж байна. Сэтгүүлчдийн амыг хамхих, үг хэлэх эрхийг хааж боогдуулах үүднээс шүүхийн шийдвэргүй баривчлахыг огтхон ч хүлээн зөвшөөрч болохгүй. Мөн, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өмчлөгчдөөрөө дамжин улс төржиж байгаад санаа зовоож байна.

Нийгэмд буруу ташаа мэдээлэл түгээх явдал улам их гарах боллоо. Зарим улс орнууд ийм мэдээллийг бусад улс орнуудын тогтвортой байдлыг алдагдуулах зорилгоор ашигладаг. Монгол Улсын хувьд мөн анхаарах шаардлагатай асуудлуудын нэг болоод байна. Аливаа шинэ хуулийн төсөл боловсруулахдаа хориглох, хязгаарлах байдлаар хандах нь буруу ташаа мэдээллийг хязгаарлахад үр дүн багатай төдийгүй харин ч сөрөг үр дагаварт хүргэх хандлагатай байдаг. Иймд найдвартай, хараат бус хэвлэл мэдээллээр дамжуулан баримтад суурилсан мэдээлэл ашиглах нь зүйтэй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Энэ хүрээнд, Мэргэжлийн нэгдсэн холбоодын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл саяхан батлагдсан нь нэр томьёоны хувьд тодорхой бус, хориглох зүйл заалтууд тусгагдсан талаар иргэний нийгмийн байгууллагуудын шүүмжлэлтэй тулгарч, иргэний нийгмийн орон зай хумигдахад хүргэж болзошгүй байгааг тэмдэглэж байна.

Хатагтай, ноёд оо,

Энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Хэвлэл мэдээлэл эх дэлхийн төлөө: Байгаль орчны хямралын үеийн сэтгүүл зүй” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна. Энэхүү сэдэв нь биологийн төрөл зүйл өндөр эрсдэлд орсон, бэлчээрийн талхлалт ноцтой түвшинд хүрсэн, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөтэй тэмцэх олон ажлыг хийх шаардлагатай хэвээр байгаа Монгол Улсад онцгой хамааралтай юм. Энэ жил бид Европын Холбоо болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тэмдэглэнэ. Европын Холбоо эдгээр салбарын хүрээнд Монгол Улстай хамтран ажиллах эрмэлзэл дүүрэн байгааг дахин илэрхийлэхийг хүсэж байна.

Та бүхэн үр дүнтэй яриа хэлэлцүүлэг өрнүүлэхийг хүсье! Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе!

Чөлөөт хэвлэлгүйгээр ардчилал оршин тогтнож чадахгүй ээ.

Баярлалаа.