ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХУУЛЬЧДЫН ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭНИЙ ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ БОЛЛОО

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХУУЛЬЧДЫН ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭНИЙ ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ БОЛЛОО

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, мэдээлэлтэй байх эрхийг таниулах, хамгаалах зорилгоор сайн дурын үндсэн дээр байгуулагдсан Хэвлэл мэдээллийн хуульчдын үндэсний сүлжээний ээлжит уулзалт 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр сүлжээний гишүүн байгууллага болох Глоб Интернэшнл төвийн байранд боллоо. Уулзалтад Хүний эрхийн үндэсний комисс, Монголын хуульчдын холбоо, Монголын Эмнести Интернэшнл, Хэвлэлийн хүрээлэн, Глоб Интернэшнл төв зэрэг гишүүн байгууллагын төлөөллүүд оролцов.


Тус уулзалтаар УИХ-ын 2024 оны сонгуулд өрсөлдөх нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд хандан иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдэх эрхийг хангахад чиглэсэн агуулгыг мөрийн хөтөлбөртөө тусгах талаарх Уриалгын төслийг хэлэлцэв.


Уриалгад Мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн болон албаны нууцын жагсаалтыг зөвхөн хуулиар тогтоох, хязгаарлалттай, хаалттай мэдээллийн тоог бууруулах, нээлттэй мэдээллийн тоог нэмэгдүүлэх, Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг олон улсын гэрээ, хүний эрхийн зарчимд нийцүүлэн боловсруулж батлах, сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хуулиар хамгаалах, Эрүүгийн хуулийн 13.14, 19.11 дүгээр зүйл, 21.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хүчингүй болгох, цахим орчин дахь агуулга, үзэл бодлын илэрхийллийг шүүхийн хяналт, оролцоогүйгээр хязгаарлахыг хориглох, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг Монгол Улсын олон улсын хүний эрхийн хуулиар хүлээсэн үүрэгт нийцүүлэх зэрэг асуудлыг тусгахаар төлөвлөв.