ГЛОБ ИНТЕРНЭШНЛ ТӨВ “ХАРХОРУМ ОЛОН УЛСЫН КИНО НААДМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Глоб Интернэшнл Төв нь Монгол улсад анх удаа зохион байгуулсан “Хархорум” олон улсын кино наадмын үйл ажиллагаануудад хамтран ажиллалаа.  


“Хархорум” олон улсын кино наадмыг "Кино Гүүр Хөгжлийн Холбоо" НҮТББ,  Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлтэй хамтран Монгол улсын Соёлын яамны дэмжлэгтэйгээр 2023 оны 12-р сарын 07-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. 2023 оны “Хархорум” кино наадмын сэдэв нь Хүний эрхийн түгээмэл тунхаг батлагдсаны 75 жилийн ойд зориулан “Хүний эрх-75” (“Human rights-75”) сэдвийн дор болсон юм. 

Кино наадмын “Чадавхжуулалтын хөтөлбөр”-ийн хүрээнд Глоб Интернэшнл Төв нь “Хүний эрхийг киногоор хүүрнэхүй” сургалтыг 2023 оны 12-р сарын 09-нд, “Кино урлагаар дамжуулан Хүний эрхийг тунхаглах нь" форумыг 2023 оны 12-р сарын 10-нд Чингис хааны музейн аудидориумд тус тус зохион байгуулав.




Наадмын хүрээнд залуу кино зохиолч, продюсерүүдэд зориулсан 1 өдрийн сургалтанд 46 хүн хамрагдсан бөгөөд хүний эрхийн асуудлыг кино бүтээлд хэрхэн тусган харуулах, түүнтэй холбоотой ямар эрсдэл учирч болох, тэдгээрийг хэрхэн даван туулах, сонирхолтой бодит жишээ, түүхийг хэрхэн сайн зохиол болгох талаар олон улсын кино наадмын шүүгч, хүний эрхийн мэргэжилтнүүд лекц орж, дадлага ажил хийж, санаа солилцсон. Цаашид хүний эрхийн асуудлаар кино хийхээр зорьж буй уран бүтээлчдэд хүний эрхийн алдаа гаргахгүй кино бүтээл туурвих болон мэргэжлийн харилцаа холбоогоор туслах боломжийг бүрдүүлэхэд анхаарч, илтгэгчид сонирхолтой зөвлөмжүүдийг өгсөн юм. 



Харин олон улсын хүний эрхийн өдрөөр зохион байгуулсан “Кино урлагаар дамжуулан хүний эрхийг тунхаглах нь" олон нийтийн хэлэлцүүлэгт хүний эрхийн хамгаалагчид, шинжээчид, эрдэмтэн судлаачид, кино уран бүтээлчид нийт 136 хүн биечлэн оролцов. Мөн Лайв стриминг сувгаар форумыг шууд дамжуулж 100 орчим хүн үзэж сонирхжээ. Илтгэгчид кино, дэлгэцийн боон иргэний нийгэм, судалгаа, төрийн байгууллагын салбарын төлөөлөгчдийг нэгэн дор цуглуулж, иргэний байгууллагууд, иргэдтэй санал солилцлоо. Форумаас нийт кино болон контент бүтээгчдэд цаашид хийх уран бүтээлдээ хүний эрхийг зөв үзүүлж сурахад хүчин чармайлтаа нэгтгэхийг уриалсан уриалга гаргаж түгээв. Тухайн үйл ажиллагааг хүний эрхийн тэгш байдлыг хангах зорилгоор дохионы хэлмэрчийн орчуулгатайгаар зохион байгуулсан нь олны талархлыг хүлээсэн юм.