Энэхүү шүүмжийг Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр Глоб Интернэшнл төв, “Bee teathre”-ын хамтран хэрэгжүүлж буй “Орчин цагийн монгол кино ба хүний эрх” төслийн хүрээнд бэлтгэв.
Бидний зорилго: Монгол кинонд хүний эрхийн асуудлыг хэрхэн хөндөж буйг тодорхойлох, кино уран бүтээлчдийн хүний эрхийн мэдрэмж, эрхэд суурилсан хандлагыг дээшлүүлэх, түүгээр дамжуулан үзэгчдэд хүний эрхийн зөв хандлага төлөвшүүлэхэд оршино.
Төслийн хүрээнд 2020-2022 онд бүтээгдсэн, үйл явдал нь орчин цагт өрнөж буйгаар дүрслэгдсэн, театрын дэлгэцнээ гарч, үзэгчийн тоогоороо тэргүүлсэн 10 киног сонгон авч тус кинонуудад хүний эрхийн өнцгөөс нь шүүмж бичихийг зорив. Шүүмжийг бичихэд хүний эрхийн мэргэжилтнүүд, хуульч, сэтгүүлч, киноны уран бүтээлчид, урлагийн шүүмж судлалаар сурч буй оюутан залуусаас бүрдсэн 30 гаруй хүн оролцсон болно.
“In Da house come back-2 "УРАН САЙХНЫ КИНОНД ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛЫГ ХӨНДСӨН НЬ
“Playmo”, “Эф” студийн уран бүтээлч У.Цогтбаяр, Н.Баясаа Р.Сүхболд, С.Батзориг, Г.Лхагвацэрэн нарын бүтээл “In Da house Сome back-2” (“In the House” гэсэн англи үгний хар ярианы хэллэг) уран сайхны кино 2022 онд олны хүртээл болжээ.
И.Эрдэнэбаярын зохиолоор “Эф” студийн найруулагч Ц.Амартүвшингийн туурвисан адал явдалт, инээдмийн уг кино хүн амины хэргээр эхэлнэ. Сумъяа болон Барсболд ахлагчтай цагдаагийн мөрдөн шалгах хоёр багийн зэрэгцээ үргэлжлэх ажиллагаагаар дамжуулан хүний амьд явах, халдашгүй дархан байх эрхийн эсрэг ноцтой гэмт хэргийг илрүүлнэ. Энэ агуулгын хүрээнд уг уран сайхны киноны үйл явдал гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчинд амьдрах эрхийн тухай сэдэв хөнджээ. Киноны хам сэдвийн хувьд гэвэл, гол явдал нь шударгаар бизнес эрхлэх, эдийн засгийн эрх чөлөөний тухай, тухайлбал Вьетнам засварчдын ажлаар дамжуулан арилжааны чанартай үйлчилгээний тухай өгүүлсэн ажээ.
Гол дүрүүдийг нь Г.Лхагвацэрэн У.Цогтбаяр Н.Баясаа С.Батзориг Р.Сүхболд нар бүтээсэн энэ кинонд Эрүүгийн цагдаагийн мөрдөн байцаах тасгийн дарга, Дэд хурандаа хүн амины хэрэг мөрдөн шалгах ажлыг Сумъяа ахлагчтай багт хариуцуулах шийдвэр гаргана. Гэвч Барсболд ахлагчтай багийнхан энэ шийдвэрийг нэг их тааламжтай хүлээн авсангүй. Энэ нь хоёр багийн хооронд өрсөлдөөн бий болгож буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Барсболд ахлагчтай багийнханд машины засварын сэлбэгийн хулгайн хэрэг илрүүлэх үүрэг ногдоно. Тэд гэмт хэргийн мөн чанарт тулгуурлан тусгай ажиллагаа явуулахаар шийдлээ. Чухам эндээс гол явдлын зөрчлийг зангилснаар үйл явдал цааш өрнөнө. Мөрдөгчид автомашины сэлбэгийн наймаа эрхлэгч Сүхээг ажиглалтад авч, түүний машиныг засах нэрийдлээр мэх боловсруулан Вьетнам засварын газарт авчрах ба машинд нь чагнах төхөөрөмж байрлуулж, түүний хэлхээ холбоог судалж, хууль бус наймааны сүлжээг илрүүлнэ.
Хам шинжийн хүрээнд машины хулгайн хэрэг хүн амины хэрэгтэй холбогдон үйл явдал цааш өрнөнө.
Барсболдын багийн гишүүд гэмт хэрэгтнүүдийн анхаарлыг татахын тулд вьетнам авто засварчдын дүрд хувиран, ажилдаа шамдан орно. Өмнө нь хулгайн давтан хэрэгтэй байж байгаад засварчин болсон 2 залуу Барсболдын багтай хамтран ажиллана. Мөрдлөгийн явцад тэд мөн Сүхээ машиндаа алагдсан байхыг илрүүлнэ.
Мөрдөгчид гаднах дүр төрхөө нуухын тулд нүүрээ халтардуулан, хиймэл үс ашиглан вьетнамаар цээжилсэн ганц хоёр үг, өгүүлбэрээ халтар хултар хэлэх нь инээдтэй. Гэхдээ зарим үзэгчийн хувьд энэ нь өөр үндэстний ахуй, хэл соёлд хүндэтгэлтэй хандаагүй учир хүний эрхийн зөрчил гэсэн сэтгэгдэл төрүүлсэн эмзэглэл байсныг дурдах нь зүйтэй. Үүнийг мөрдөгчид жүжигчин биш, вьетнам засварчдын дүрд чадан ядан тоглож, хөглөж буй нь уран сайхны илэрхийлэл бөгөөд киног хошин болгож буй ёгт санаа хэмээн зөвтгөж болох ч хойшид уран бүтээлчдийн байнга анхааралдаа байлгах зөв шийдлийн ёс суртахууны мөн чанар юм. Энэ кинонд уран бүтээлчид үүнийгээ хожим гарах нэг үзэгдлийн хэлэх санаагаар зөвтгөжээ. Вьетнам засварчдын үйлчилгээ чанартай, тэд ажлаа чин сэтгэлээс хийдэг гэдгийг хулгай хийхээ болиод, бие даан засварын газар ажиллуулж, хоёр вьетнам засварчинтай болсон тухайгаа хэлж буй хоёр залуугийн яриа гардаг эерэг үзэгдлээр нотолж байна. Харамсалтай нь энэ хэсгийг дутуудуулсан тул үзэгчдийн анхааралд төдийлөн өртсөнгүй. Илүү тодотгосон бол хүний эрхийг хамгаалсан сайхан илэрхийлэл байх байж.
Киног бүтээгчид цагдаагийн албаны хүнд хөдөлмөр, мөрдөн байцаагчдын мэргэжлийн үүргийг дүрүүдийн харилцаа, харилцан яриагаар дамжуулан үзүүлэхдээ итгэл хүндлэл ба нөхөрлөлийн үнэ цэнийн санааг илэрхийлсэн байна. Мөн цагдаагийн алба хаагчдын цалин бага, өр зээлийн дарамттай, аргагүйдэж харь улсыг зорих шийдвэр гаргаж буй зэргээр нийгмийн асуудлыг нь хөнджээ. Тусгай ажиллагааны үеэр гэрийн бараа ч харах завгүй тэд бэлэн гоймонгоор өл залгана. Ахмад Барсболдын эхнэр нөхөртөө Солонгос явж ажил хийх санал тавихад тэр зөвшөөрнө. Энэ тухай мэдсэн багийнхан үймж, хагарал зөрчил үүссэнээр нөхцөл байдал хүндрэх ба энэ нь тэдний харилцаанд ч нөлөөлнө.
Киноны гол явдлын зэрэгцээ өгүүлэмж үзэгчдийг Барсболдын багийн гишүүдийг хувь хүнийх нь хувьд харуулж, тэдний хоорондын болон ар гэрийнхний тухай мэдээлэлтэй болгоно. Багийнхны харилцаагаар дамжуулан уран бүтээлчид хайрлуулж, хүндлүүлэх, хүлээн зөвшөөрөгдөх зэрэг хүн байхын утга учрыг өгүүлнэ. Түүнчлэн кинонд гэр бүлийн хүчирхийллийн асуудал ч хөндөгдөв. Гэр бүлийн ертөнц өвөрмөц байдаг. Энэ кинонд хоёр гэр бүлийн тухай өгүүлнэ. Гансэлэм Ичинноровт хандан “Чи эхнэрээ хүчирхийллийн төвд өгөөч” гэх харилцан яриаг инээдмийн кино учраас ёж утгаар оруулсан болов уу гэж бодсон. Ичинноровын эхнэр Шүрийн дүр төрх, зан байдал бүр ч өвөрмөц.
Түүнчлэн кинонд Гансэлэмийг багийн нөхөд нь царай төрх, биеийн хэлбэр байдлаар нь бүдүүн идэмхий, гахай хэмээн хочилж дооглон тохуурхаж буйг цагдаагийн албан хаагчдын хувьд ялгаварлан гадуурхсан ёс зүйгүй, үлгэр дуурайлгүй үйлдэл хэмээн зарим үзэгч хүлээн авчээ. Эцэстээ бүлээн дулаан сайхан уур амьсгал дунд нэг хүн мэт бие биенээрээ бахархах хамтрагчдын нэг нь Гансэлэмээс уучлал гуйсан бол үзэгчийн сэтгэл эерэх байлаа. Уран бүтээлчийн алсын харааны хувьд ч энэ нь зөв шийдэл болохоор байв.
Барсболд Өмнөд Солонгосын виз мэдүүлэх үедээ Ганбаяр гэдэг нэг залуутай танилцана. Онгоцны тийз худалдан авч байхдаа тэд дахин тааралдах ба Барсболд түүний гарны шивээсийг гярхай ажиглана. Ийм шивээстэй хүн алуурчин байж болзошгүй хэмээн Сумъяагийн багийнхан урьдчилсан таамаг дэвшүүлсэн байлаа. Мэргэжлийн мөрдөгчийн зөндөө хөтлөгдөн Барсболд уг залууг даган гэрийг нь мэдэж буй хэсэг киноны гол явдлын дээд туйл гэж болох ба тайлалд хөтөлнө. Тэр болзошгүй алуурчны гэрт түлхүүр тааруулан орно. Барсболдын хувийн шийдвэрийн шалтгаан тодорхойгүй.
Үг хэл, үйлдэл үйлсийн хувьд Барсболд бол эерэг дүр юм. Түүнд шахагдсан, хавчигдсан нөхцөл байдал үгүй хэрнээ ажил мэргэжилдээ үнэнч, үүргээ биелүүлэхийн төлөө амиа өгөхөөс ч буцахгүй гэж хүчээр харуулж байгаа нь өрөөсгөл юм. Уран сайхны илэрхийллийн хувьд Барсболдыг нэг удаа гарцаагүй байдал ийм дээр ашиглажээ гэж үзүүлсэн байсан ч зөвтгөл болж чадахгүй юм. Учир нь хууль сахиулагчид ямар ч ноцтой хэрэгт Прокурорын зөвшөөрөлгүйгээр хууль бусаар хэний ч гэрт халдан орж болохгүй. Энэ нь гүйцэтгэх ажиллагааны алдаа байлаа. Уран бүтээлчид тусгай ажиллагаа, гүйцэтгэх ажиллагааны талаар цэгцтэй мэдээлэлтэй байхын тулд сайн зөвлөгч , шинжээчийн зөвлөгөө авах хэрэгтэй байж.
Барсболдыг гэрт нь байхад Ганбаяр орж ирэх ба өөрийг нь хайж яваа мөрдөгч болохыг мэдэрч хүч хэрэглэнэ. Барсболд ийнхүү өөрийгөө эрсдэлд оруулах мөчид Сумъяа ба түүний нөхөд мэдүүлэг авахаар орж ирнэ. Яах бол гэсэн хүлээлтийн эцэст Барсболд амьд үлдэж, сэжигтэн баривчлагдана.
Эцэст нь хэргийн учир тайлагдаж, Ганбаяр өс хонзонгийн сэдэлтэйгээр Лхагва , Сүхээ нарын амь насыг бүрэлгэснээ хүлээн зөвшөөрнө. Тэрээр мэдүүлэгтээ гэмт хэрэгтнүүдийн шуналын золиос болон амиа хорлосон ах Ганболд нь автомашины сэлбэгийн бизнес эрхэлж байсныг Лхагва, Сүхээ нар булаан авсан тухай өгүүлнэ.
Кино нээлттэй төгсгөлтэй. Бусан хотод хар ажил хийх мөрдөгч тусгай ажиллагааны хугацаанд машин засварын газарт сурсан мэдсэн, хуримтлуулсан туршлага нь тэнд хэрэг болох нь дээ гэсэн сэтгэгдэл төрүүлнэ.
Киноны урьдач нөхцөл, агуулга, гол явдлын зохиомж, бүтцийн хувьд ч хүний эрхийн сэдэв зонхилох байр суурьтай байв.
Авах хүнд нэг үг ч тус болохын үлгэр буй. Хүн бүрийн тархи оюуны жинлүүр, зүрх сэтгэлийн мэдрэмж өөр өөрөөр хэлбэлздэг тул бүх үзэгчдийн 100 хувь сэтгэл ханамж ямар ч уран бүтээлд бараг боломжгүй. Харин үлдэцтэй нэг санаа, өгөөжтэй ганц бодол төрүүлсэн бол чамлахгүй, чанга атгаад цаашаа зоригтой алхах хэрэгтэй. Залуус сэтгэж, туршиж, хийж бүтээж байна. Алдсан, дутсан бүхэн амжилт болоод илүү, илүүг авчрах болтугай.
Кино төгсөөгүй, үргэлжлэл бий…
Эмхэтгэн бичсэн сэтгүүлч Н.Туяа
2023 он