
Чөлөөт хэвлэл, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2023 оны 5-р сарын 27-ны өдөр Глоб Интернэшнл төв олон талт оролцогчдын хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр төр болон төрийн бус байгууллагын төлөөллүүд, сэтгүүлчид, эрдэмтэн судлаачид зэрэг нийт 66 оролцогч талууд оролцов. Хэлэлцүүлгээр гүтгэлгийг гэмт хэрэгт тооцоход учирч болзошгүй эрсдэл, үг хэлэх эрх чөлөөний олон улсын жишиг, зөрчлийн тухай хууль тогтоомж сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцлаа. 3
Хэлэлцүүлгийн үеэр "Доромжлох үйлдлийн нийгмийн хор аюул" сэдвийн хүрээнд ХЗДХЯ, Эрүүгийн хуулийн шинэчлэн найруулах ажлын хэсгийн гишүүн, ДХИС-ийн профессор С.Гантулга танилцуулсан бол, Эрүүгийн хуулийн нэмэлт төсөл буюу 13.15 (Доромжлох) заалт ба үндэсний эрх зүйн зохицуулалтын онцлог сэдвээр ГИТ-ийн УЗ-ийн гишүүн, хуульч судлаач Л.Галбаатар илтгэл танилцууллаа.
Мөн энэ үеэр олон талт хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Оролцогчоор ХЗДХЯ, Эрүүгийн хуулийн шинэчлэн найруулах ажлын хэсгийн гишүүн С.Гантулга, Хүний эрхийг хангах үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Болорсайхан, ГИТ-ийн УЗ-ын дарга Х.Наранжаргал,Монголын Хэвлэл Мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, Хуульч, судлаач Л.Галбаатар, Gogo.mn, редактор Б.Эрдэнэчимэг нар оролцож санал бодлоо солилцсон юм.
ГИТ-өөс Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдахдаа шүүхийн тогтолцоог "буруугаар ашиглах" нь ЮНЕСКО-оос 2022 онд боловсруулан эмхэтгэсэн гарын авлагыг орчуулан, хэвлэж олон нийтэд түгээв. Гарын авлагын цахим хувилбарыг энд дарж үзнэ үү.