Нийтийн мэдээллийн ил тод байдлын хэрэгжилт ба кэйсэд суурилсан уулзалт болов
2022/05/30

Глоб Интернэшнл төв Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр “Төрийн мэдээллийн ил тод байдлын мониторинг, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангах нь” төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын хэрэгжилт ба кэйсэд суурилсан уулзалт”-ыг 5 дугаар сарын 26-ны өдөр 09:30-11:30 цагт Пума Империал зочид буудлын хурлын бага танхимд зохион байгуулав. Тус уулзалтад Нээлттэй Нийгэм Форум, Монголын Эмнести Интернэшнл, Цогц Хөгжлийн Үндэсний төв, ЛГБТ төв, Захиргааны Шинэ санаачлага ТББ, Хэрэглэгч сан, Сэтгэлзүйн Мэдрэмж ТББ зэрэг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болон сэтгүүлчдээс бүрдсэн нийт 33 хүн оролцов.
Уулзалтын эхэнд Глоб Интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэн “Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийн анхаарах асуудал, танилцуулга” сэдвээр мэдээлэл хийсэн бол Өмгөөллийн “Фиделитас Партнерс” ХХН-ийн гүйцэтгэх захирал өмгөөлөгч Б.Наранцэцэг “Мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах замаар төрийн байгууллагуудын ил тод байдал, хариуцлагыг сайжруулах төслийн үр дүн”-г /Ковид-19 үеийн ЭМЯ, ОБЕГ, НОБГ, ХӨСҮТ-ийн хандив, тусламжийн шилэн данс хөтлөлтийн жишээн дээр/ тус тус танилцууллаа. Кэйсэд суурилсан уулзалтын зочноор www.nuuts.mn сайтын эрхлэгч С.Будрагчаа, Цогц Хөгжлийн Үндэсний төвийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал нар оролцон мэдээлэл авахад нь тулгарсан хүндрэл бэрхшээл, бодит тохиолдлын талаар мэдээлэл өгч, оролцогчидтой чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.



