Улсын төсвийн хөрөнгө оруулалтад иргэдээс санал авах гар утасны аппликейшнийг Дархан-Уул аймагт туршина

Глоб Интернэшнл төв ТББ-ын МАСАМ II төслийн баг нь Дархан-Уул аймгийн “Орхон 21-р зуун” ТББ-тай хамтран Улсын төсвийн хөрөнгө оруулалтад /УТХО/-д иргэдийн оролцоог хангах зорилгоор бүтээсэн “Улсын төсвийн хөрөнгө оруулалт” нэртэй гар утасны аппликейшн ашиглан, саналаа өгөх ажлыг Дархан-Уул аймгийн Дархан суманд 4 дүгээр сарын 4-нөөс 18-ны өдрүүдэд туршина. Дархан-Уул аймгийн иргэд “Төсвийн хөрөнгө оруулалт” нэртэй гар утасны аппликейшнийг Playstore болон Appstore-оос татан авч, саналаа өгнө. 

УТХО-ын төсөлд иргэдийн саналыг гар утасны аппликейшн ашиглан өгөхөд олон нийтийг уриалсан 14 хоногийн аян хэвлэл мэдээллийн болон олон нийтийн сүлжээгээр явагдах бөгөөд “Орхон 21-р зуун” ТББ хариуцан ажиллана. Аяны хүрээнд хэд хэдэн үйл ажиллагаа хийгдэнэ. Нэгдүгээрт, Дархан сумын Засаг дарга, тус сумын 18 багийн Засаг дарга, иргэдийн төлөөлөлтэй 4 сарын 5-ны өдөр уулзалт хийж, УТХО-д санал өгөх туршилтын аппликейшнийг танилцуулна. Хоёр дахь үйл ажиллагаа нь аппликейшнийг ашиглан, саналаа өгсөн иргэдээс ярилцлага авч, олон нийтэд түгээнэ. 

“Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт” аппликейшн нь үндсэн 4 хуудастай. Үндсэн цэс нь Дархан-Уул аймгийн иргэдэд аймгийнхаа хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй танилцах боломж олгоно. Түүнчлэн, Дархан-Уул аймагт батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалт, олгосон санхүүжилт, гүйцэтгэл, иргэдийн өгсөн төслийн саналууд эрэмбэгдсэн хэлбэрээр харагдана. Харин “Шинэ санал” товчлуурын тусламжтайгаар иргэд саналаа өгнө. Бусад гурван хуудаснаас /“Саналууд”, “Хэрэгжиж буй”, “Үр ашиг”/ Дархан-Уул аймагт хэрэгжиж буй УТХО-ын төслүүдийн явц, санал өгсөн төслүүд, тэдгээрийн үр ашгийн талаарх мэдээллийг харах боломжтой хэлбэрээр  хөгжүүлэлт хийгдсэн байна.

УТХО-д уг аппликейшнийг ашиглан санал өгөх туршилтын үйл явц нь хэд хэдэн алхамтай. Иргэн хүн утасны дугаараа ашиглан нэвтэрсний дараа хийх эхний алхам нь оршин сууж буй сумаа, хоёр дахь нь багаа сонгоно. Алхам 3 нь утасны дугаараа оруулсны дараа дугаар дээрээ ирсэн баталгаажуулах кодыг оруулснаар мэдээлэл авах, саналаа өгөх боломжтой