
ГИТ-ийн МАСАМ II төслийн баг 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайран дүүргийн Засаг даргын Тамгын газрын /ЗДТГ/-ын дарга Д.Төмөрбаатар болон төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Т.Бат-Оргил нартай уулзав. Уулзалтын эхэнд МАСАМ II төслийн багийн удирдагч Т.Аюушжав Глоб Интернэшнл төв ТББ болон тус төслийн тухай товч танилцуулга, төслийн хэрэгжилтийн явц болон Сонгинохайрхан дүүргээс чадавхжуулах сургалтад хамрагдсан ИНБ-уудыг төлөөлөн “Захиргааны шинэ санаачлага”, “Үнэн хатамж” ТББ-ууд төсвийн хөрөнгө оруулалт, төрийн байгууллагуудын шилэн дансанд мониторинг хийх, өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-үүдийн гадаад, дотоод орчны үнэлгээ хийх зэргээр ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байгааг дурдав.
МАСАМ II төслийн багийн удирдагч Т.Аюушжав Сонгинохайрхан дүүргийн төрийн байгууллагууд тухайн ИНБ-уудад дэмжлэг үзүүлэн, шаардлагатай мэдээллээр ханган ажиллахыг хүсэв. Түүнчлэн, төслийн хүрээнд төр-иргэн хоорондын хамтын ажиллагааг ойртуулах зорилготойгоор цахим платформ бий болгох, төсвийг иргэдэд ойлгомжтой байлгах иргэдийн төсөв боловсруулж байгааг дурдав. Мөн МАСАМ II төслийн ажилтан Ч.Ерөөлсүрэн Сонгинохайрхан дүүргийн 6 хорооны иргэдийн оролцоотой зохион байгуулсан “Оролцоот шийдэл” хэлэлцүүлгийн үеэр тус дүүргийн иргэдийн тодорхойлсон асуудлууд болон тэдний санал болгосон шийдлүүдийг танилцуулав.
Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын дарга Д.Төмөрбаатар МАСАМ II төслийн баг зорин ирж, төслөө танилцуулан, хамтран ажиллах санал тавьж байгаад талархал илэрхийлээд, чухал хэрэгцээтэй төсөл хэрэгжиж байгаад тааламжтай буйгаа илэрхийлэв. Тэрбээр “Сонгинохайрхан дүүрэгт ил тод байдлыг хангах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд нэлээдгүй ажил хийгдэж байгаа”-г дурдаад, тус дүүргийн шилэн данс иргэдэд нээлттэй, иргэн хүн цахим хуудас руу ороод сонирхсон мэдээллээ авах боломжтой хэдий ч, иргэд мэдээлэл авах эх сурвалжаа мэдэхгүй, техникийн боломж нөхцөл муу, интернэтийн хүртээмж хангалтгүй, тус дүүрэгт оршин суугаа нийт өрхийн 73 хувь нь гэр хороололд амьдардаг талаар онцлон хэлж байв. Үргэлжлүүлэн, орон нутгийн хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах ажлууд хийгддэг, сангийн хөрөнгө хуваарилалт харилцан адилгүй, төвд ойр хороодод 30-40 сая төгрөг, байршил алс хороодод 80-90 сая төгрөг хуваарилдаг ч, энэ нь гол төлөв орчин нөхцөл сайжруулах ажилд зарцуулдаг болохыг тэмдэглэн хэлэв. Харин томоохон бүтээн байгуулалтууд хийх хөрөнгө оруулалтыг улс болон нийслэлийн төсөвд тусгагддаг. Сонгинохайрхан дүүрэг нь 2021 оны сүүлийн байдлаар 545 мянга орчим хүн амтай, 43 хороотой ч 27 өрхийн эмнэлэгтэй тул 16 нь салбар байхаар төлөвлөсөн байдаг гэв.