
Глоб Интернэшнл төвийн үүсгэн байгуулагчдын нэг, Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргалын “ЧӨЛӨӨТ ИЛЭРХИЙЛЭЛ БА ЧӨЛӨӨТ СЭТГҮҮЛ ЗҮЙ” номын нээлт 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр BEE театрт боллоо. Зохиогч Х.Наранжаргал, Монгол Улс НҮБ-ын гишүүн болсон түүхт 60 жилийн ойд зориулан гаргасан энэхүү номоороо олон улсын хэм хэмжээнд тулгуурлан, үзэл бодолтой байх ба түүнийгээ илэрхийлэх эрх чөлөө, арга хэлбэр төдийгүй чөлөөт илэрхийллийг ямар үед хязгаарлаж, мөн хамгаалдаг гэх мэт олон талын ойлголтыг өгөхийг зорьжээ.
Энэхүү бүтээл нь үндсэн дөрвөн бүлэгтэй бөгөөд зохиогч Х.Наранжаргалын Монголын хэвлэл мэдээллийн салбарт гүйцэтгэсэн арвин их туршлага, санал санаачилгад тулгуурлан бичигдсэн бөгөөд олон нийтийн санаа бодлыг тээгч таксины жолооч, жирийн иргэдтэй хийсэн ярианаас үүдсэн эргэцүүллээр дамжуулан, ардчилсан нийгэм, чөлөөт илэрхийллийн үнэт зүйлсийг таниулан сурталчилснаараа ихээхэн онцлогтой болжээ.
“Чөлөөт илэрхийлэл ба чөлөөт сэтгүүл зүй” ном нь эгнээндээ дэлхийн 100 гаруй хүний эрхийн байгууллагыг нэгтгэсэн IFEX буюу Чөлөөт илэрхийллийн олон улсын сүлжээний дэмжлэгтэйгээр олны хүртээл болгож буй бүтээл юм.