“Иргэний нийгмийн орон зай” цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа

“Иргэний нийгмийн орон зай” цахим хэлэлцүүлгийг 2022 оны 3 сарын 1-ний өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт сэтгүүлчид, төр, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, оюутан зэрэг 43 оролцогч оролцож өөрсдийн санал бодлоо солилцов. Хэлэлцүүлгийн үеэр Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл дэх иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг хумих эрсдэлүүдийн талаар ярилцлаа. 

Хэлэлцүүлэгт хүний эрхийн хамгааагч Б.Болорсайхан “Иргэний нийгмийн орон зайн суурь ойлголт”, Глоб Интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэн “Иргэний нийгмийн эрх зүйн орчин”, Бодлогод залуусын хяналт ТББ-ын захирал Т.Амарзаяа “Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө ба иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаа хумигдах эрсдэл”, Судлаач Ц.Батсугар “Иргэний нийгэм дэх төрийн оролцоо ба хуулийн төсөл дэх эрсдэлт заалтууд” сэдвээр тус тус илтгэл танилцууллаа. 

Мөн хэлэлцүүлэгт Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа оролцсон бөгөөд тэрээр хэлэхдээ “Манай байгууллагын хувьд 2021 оны 04 сарын 27-ны өдөр Холбоо, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд илүү процессын зохицуулалт дээр 6 санал хүргүүлсэн байна. Миний хувьд хуулиудтай холбоотой ИНБ-уудын байр суурийг тодорхойлох зорилгоор та бүхний яриаг анхааралтай сонслоо. Цаашдаа миний хувьд иргэний болон улс төрийн эрхийн асуудалд илүүтэй хариуцаж ажиллана. Энэ тал дээр үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглааны эрх зэрэг ардчилсан оролцооны эрхүүдийн баталгааг бий болгох талаар цуврал үйл ажиллагааг явуулах төлөвлөж байна” гэсэн юм.