МАСАМ II төслийн орон нутгийн хамтран хэрэгжүүлэгчдээ менторлов

Глоб Интернэшнл Төвийн хэрэгжүүлж буй МАСАМ II төслийг орон нутагт хэрэгжүүлэх иргэний нийгмийн байгууллагуудыг дахин чадавхжуулах, менторлох сургалтын үйл ажиллагаа 2022 оны  3 дугаар сарын 11-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Сургалт-менторингт ГИТ-ийн зорилтот долоон аймаг болох Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Улаанбаатар хотын Багануур, Налайх, Сонгинохайрхан  дүүргүүдээс тус бүр хоёр иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, нийт 20 хүн оролцлоо. 

Сургалт-менторингийн үйл ажиллагааг нээж, уг төслийг үндсэн хэрэгжүүлэгч Дэлхийн Банкны Улсын салбарын ахлах мэргэжилтэн Д.Бадамчимэг хэлсэн үгэндээ МАСАМ I ба II төслийн гол цөм ялгааг үйл ажиллагаанд оролцогсод өөрсдийн танилцуулгаараа хэлснийг онцлоод, аливаа төслийг хэрэгжүүлэхэд төсөл санаачлагч болон хэрэгжүүлэгчдээс шууд санхүүжилт авах тогтолцоо нь тухайн төслийн тогтвортой байдлыг хангах үр дүнтэй арга барил биш болохыг дурдав. Иймд тэрбээр “Бидний төслийн нэрэнд байгаа энэ” бэхжүүлэх” гэдэг үг МАСАМ төслийн II түе шатанд илүү тод томруун байх учиртай” бөгөөд энэ ч утгаараа иргэд, ИНБ-уудын оролцоотойгоор төсвийн үйл явцад оролцож, тухайн орон нутгийн төсвийн үр шимийг орон нутгийн иргэдэд илүүтэйгээр хүртүүлэх талаар дээрх ИНБ-ууд ажиллах гэж буйд талархал илэрхийлэв. Түүнчлэн, МАСАМ II  төслийн хүрээнд төсвийн хөрөнгө оруулалт болон эрүүлд мэндийн анхан шатны тусламж /ЭМАШТҮ/, үйлчилгээнд иргэдийн оролцоог хангахын тулд технологийн шийдлүүдийг эрэлхийл буй бөгөөд одоогоор ЭМАШТҮ-тэй холбоотойгоор И-Монголиатай хэлэлцээрийн түвшинд буйг, харин Сангийн яамтай төсвийн хөрөнгө оруулалтын чиглэлээр гар утасны аппликейшн туршиж үзэх гэж буй талаар мэдээлэл хүргэв.

Сургалт-менторингт оролцогсод 10 орон нутагт хийгдсэн “Оролцоот шийдэл” хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар мэдээлэл сонссоны дараагаар Ардчиллын боловсрол төвийн тэргүүн Г.Ундралын “Нийгмийн эгэх хариуцлагын зарим арга хэрэгслүүдийг үр дүнтэй ашиглах нь” сэдвийн хүрээнд нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслүүдийг хэрэгжүүлэх үйл явцад гарсан хүндрэл бэрхшээл, сорилтуудын талаар лекц сонсож, улмаар туршлагаа хуваалцав. Ялангуяа, “Иргэдийн онооны карт” аргачлалыг хэрхэн нутагшуулж, үр дүнтэй судалгаа-мониторинг хийсэн талаар харилцан яриа энэхүү хэсгийн үеэр өрнөв.

ГИТ-ийн “Ил тод, сайн засаглалыг дэмжих нь” хөтөлбөрийн менежер Ч.Энхбаяр  “Мониторинг хэрхэн хийх вэ?”, “Мэдээлэл цуглуулах, баримтжуулах, баталгаажуулах нь”, “Нөлөөлөл хэрхэн хийх вэ?” сэдэвт   хэсгүүдийн удирдан явуулав. Үүний үр дүнд ИНБ-уудын төлөөллүүд өөрсдийн орон нутгийнхаа онцлогт тулгуурлан, хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын хүрээнд мониторинг хийх ажлын зорилго, зорилт болон алхмуудаа тодорхойлох дадлага ажлыг хийж, бусад оролцогчдоосоо зөвлөгөө, зөвлөмж авав. 

Сургалт-менторингт оролцогч орон нутгийн ИНБ-ууд нь МАСАМ II төслийн хүрээнд үндсэн хоёр чиглэлд буюу төсвийн хөрөнгө оруулалт болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээтэй холбоотой багадаа тус бүр нэг, мөн нэг удаагийн олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх ажил зохион байгуулах юм.