
Глоб Интернэшнл төв ТББ-ын МАСАМ II төслийн баг 2022 оны 2 дугаар сарын 21-нээс 25-ны өдрүүдэд Багануур болон Налайх дүүрэгт ажиллана. Төслийн баг гурван үйл ажиллагаа хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, нэгдүгээрт, тус дүүргүүдийн төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийж, МАСАМ II төслөө танилцуулан, санал бодлоо солилцоно.
МАСАМ II төслийн багийн хийх хоёр дахь үйл ажиллагаа нь төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдийг чадавхжуулах 4 модулиас бүрдсэн сургалтыг тус дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгуулна. Уг сургалт нь төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд төсвийн хөрөнгө оруулалт болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний үр дүн, үр ашгийг сайжруулах чиглэлээр нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслийг оновчтой хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой.
Гуравдугаарт, МАСАМ II төслийн баг олон талт буюу төрийн байгууллага, иргэд, ИНБ-ууд, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцсон “Оролцоот шийдэл” нэртэй хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хэлэлцүүлгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашигтай төлөвлөлт, төсөвлөлт, хэрэгжилт, хяналт болон хөрөнгийн удирдлага, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үр дүнтэй хүргэхэд аймаг, сумдын хэмжээнд тулгамдаад буй асуудлыг олон талын оролцоонд тулгуурлан тодорхойлох, улмаар хамтын оролцоотой тодорхойлсон асуудлаа хэрхэн үр дүнтэй шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, хамтын үйл ажиллагааны стратеги боловсруулахаар зорьж байна.