“Төрийн мэдээллийн ил тод байдлын мониторинг, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах нь” төсөл хэрэгжиж эхэллээ

Глоб Интернэшнл төв нь Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр 2022 оны 02 дугаар сарын 15-наас эхлэн “Төрийн мэдээллийн ил тод байдлын мониторинг, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах нь” төсөл нэг жилийн хугацаанд хэрэгжүүлж эхэллээ. Уг төсөл нь “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн” хэрэгжилтийн байдлыг тандан судалж, иргэн хуулийн этгээд төрийн байгууллагаас мэдээлэл авч зураглал гарган, цаашид мэдээлэл өгөхтэй холбоотой бүтэц, зохион байгуулалт, арга, хэлбэрийг сайжруулах талаар зөвлөмж боловсруулж, хуулийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавьж, үнэлгээ өгөх, мөн иргэдийн хөндөгдсөн үндсэн эрхийг шүүхийн шатанд хамгаалж оролцсоноор үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэн улс төр, нийгмийн амьдралд утга учир бүхий оролцоог хангах зорилготой. Төслийн зорилгод хүрэхийн тулд дээрх хуулийн хэрэгжилт буюу нээлттэй мэдээллийг төрийн байгууллагаас иргэдэд хэрхэн өгч буй практикийг судлах, мөн түүнчлэн иргэдийг үндсэн эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдлэхэд нь дэмжлэг болох үүднээс шүүхэд төлөөлөх гэсэн зорилтууд дэвшүүлэн ажиллаж байна. 

"Төрийн мэдээллийн ил тод байдлын мониторинг, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хамгаалах нь" төсөл хэрэгжих хугацаанд дараах уялдаа бүхий үйл ажиллагааг шат дараатай явуулна. Үүнд: 

1. Зөрчигдсөн эрхийг шүүхэд хамгаалан оролцоно.

2. Хуулийн талаар зорилтот бүлгийн болон олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх нөлөөллийн ажлууд хийх,  тухайлбал, мэдлэг ойлголт нэмэгдүүлэх видео и-зөвлөмжүүд, зурагт постерууд болон нийтлэлүүд бэлтгэн түгээх, цахим хэлэлцүүлгүүд зохион байгуулах, шуурхай мэдээ бэлтгэн дотоодын болон олон улсын сүлжээгээр түгээх, мэдээлэл авах эрхийн зөрчилтэй холбоотой кейсүүдэд суурилсан үр дүнгийн уулзалт, цаг үеийн байдалтай уялдуулан  хэвлэлийн бага хурал зохион байгуулна. 

3. Холбогдох хуулийн хэрэгжилтэд мониторинг хийнэ. Судалгааны арга зүйн хүрээнд мониторингийг хагас жилийн хугацаанд гүйцэтгэн, явцын үр дүнд тулгуурлан санал, зөвлөмж бэлтгэн, шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч нарт хүргүүлж, олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

Уг төсөл хэрэгжүүлсний үр дүн хуулийн хэрэгжилтэд мониторинг хийж үр дүнд тулгуурлан  дүгнэлт өгснөөр, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, шүүхийн шатанд зөрчигдсөн эрхийг хамгаалснааар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулахад хувь нэмэр оруулна.