
Глоб Интернэшнл төвөөс Нээлттэй Нийгэм Форумтай хамтран,“Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль иргэдийн мэдэх эрхийг хангаж чадах уу?” сэдвийн хүрээнд цахим хэлэлцүүлгийг 1 дүгээр сарын 21-нд зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэг нь УИХ-аас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан, 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль” -тай холбоотойгоор сэтгүүлч, иргэдийн дунд хэлэлцүүлэг хэлбэрээр зохион байгуулагдав.
Цахим хэлэлцүүлгийг нээж Нээлттэй Нийгэм Форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг хэлэлцүүлгийн зорилго, үндсэн асуудлын талаар танилцуулав. Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг Глоб Интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэн “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг өмнөх Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуультай харьцуулсан байдал” сэдвээр танилцуулав. Илтгэлийн гол өнцгүүд нь тус хуулийн зохицуулалт олон улсын зарчим, хэм хэмжээнд нийцсэн эсэх, цаашид хууль хэрэгжилтэд тулгарч болох хүндрэл бэрхшээлүүдийг хамарсан юм. Түүнчлэн, хууль батлагдсантай холбоотой гарах журмын төсөл боловсруулах ажлын хэсэгт оролцох хүсэлтээ илэрхийлж, бусад иргэний нийгмийн байгууллагуудыг үүнд мөн анхаарал хандуулахыг уриалав.
Нээлттэй Нийгэм Форум болон Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжин хамгаалах олон улсын сүлжээний (IFEX) дэмжлэгтэйгээр зохион байгуулсан тус цахим хэлэлцүүлэгт төрийн болон иргэний нийгмийн байгууллага, сэтгүүлчдээс бүрдсэн 40 хүн оролцож санал бодлоо солилцлоо.