
Глоб Интернэшнл төв ТББ-ын МАСАМ II төслийн баг 2021 оны 12 дугаар сарын 6-наас 17-ны хооронд зорилтот гурван аймаг болох Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгуудад ажиллана. Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Сэлэнгэ аймагт 12 дугаар сарын 6-8, Дархан-Уул аймагт 12 дугаар сарын 9, 10, 13, 14, Орхон аймагт 12 дугаар сарын 15-17-нд ажиллана.
МАСАМ II төслийн баг гурван үйл ажиллагаа хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, эхлээд аймгуудын төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзахдаа төслийн албан ёсны танилцуулга хийж, төслийн талаарх санал бодлоо солилцоно. Мөн, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг чадавхжуулах 4 модулиас бүрдсэн сургалт хийнэ. Энэхүү дөрвөн модуль сургалт нь төрийн болон иргэний нийгмийн байгууллагынхны төсвийн хөрөнгө оруулалт болон эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний үр дүн, үр ашгийг сайжруулах чиглэлээр төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслийг оновчтой хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Дараа нь, тус хоёр талын төлөөллүүдтэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэг нь хоёр зорилгын хүрээнд, тухайлбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашигтай төлөвлөлт, төсөвлөлт, хэрэгжилт, хяналт болон хөрөнгийн удирдлагад болон эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үр дүнтэй хүргэхэд аймаг, сумдын хэмжээнд тулгамдаад буй асуудлыг олон талын оролцоонд тулгуурлан тодорхойлох, тодорхойлсон асуудлуудаа хэрхэн үр дүнтэй шийдвэрлэх арга замуудыг эрэлхийлж, хамтын үйл ажиллагааны стратеги боловсруулах юм.