Их дээд сургуулийн сэтгүүл зүйн багш нартай хамтран ажиллахаар боллоо

“Залуучууд, эмэгтэй сэтгүүлчдийг эрх мэдэлжүүлэх нь” төслийн ажлын хэсгийн анхны уулзалт боллоо. Төслийн хүрээнд их дээд сургуулийн сэтгүүл зүйн багш нартай хамтран ажиллах бөгөөд залуу, эмэгтэй сэтгүүлчид, оюутан залууст чөлөөт, шударга сонгуулийн талаарх мэдлэг ойлголт өгөх, энэ чиглэлээр сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулах юм. Энэхүү уулзалтад их, дээд сургуулийн сэтгүүл зүйн найман багш оролцсоноос гадна төслийн багийн гишүүд хамтран ажлын хэсгийн анхны уулзалтыг 2020 оны 9 сарын 10-ний өдөр зохион байгууллаа. 

Уулзалтад МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхмийн багш Д.Идэржаргал, Б.Баярмаа, СУИС-РТМУС-ийн багш Д.Цэнд, Г.Хулан, Г.Мөнхбаяр, МУБИС-ийн сэтгүүл зүйн тэнхмийн багш Б.Чинзориг, Улаанбаатар Эрдэм их сургуулийн сэтгүүл зүйн багш М.Наранчимэг, Отгонтэнгэр их сургуулийн сэтгүүл зүйн багш М.Дэлгэрцэцэг нар оролцож цаашид төслийн үйл ажиллагаанд оролцож, сургагч багшаар хамтран ажиллахаа илэрхийллээ. 


Глоб Интернэшнл Төв нь Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (IRI)-ийн дэмжлэгтэйгээр 2020 оны 9 дүгээр сараас эхлэн сэтгүүл зүйн чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Залуучууд, эмэгтэй сэтгүүлчдийг эрх мэдэлжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ төслийн хүрээнд одоо болох орон нутгийн сонгууль, 2021 оны ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буйтай холбогдуулан залуу сэтгүүлчид болон сэтгүүл зүйн ангийн оюутан залууст чөлөөт шударга сонгуулийг мэдээлж сурвалжлахын ач холбогдлыг онцгойлон таниулах, нийгмийн эгэх хариуцлагыг сайжруулах зорилгоор залуучууд, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхээр чиглэлээр сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах юм.