Залуу сэтгүүлчдийн онлайн сургалт-марафон боллоо

Залуучууд, эмэгтэй сэтгүүлчдийн дунд зохион байгуулсан онлайн сургалт-марафон 2020 оны 5 сарын 25-29-ний өдрүүдэд боллоо.

Сургалтад нийт 260 гаруй хот, орон нутаг мөн хилийн чанадаас залуус, мэргэжлийн сэтгүүлчид холбогдож  марафонд хамрагдлаа. Энэхүү сургалт- марафоны гол зорилго нь  залуу, эмэгтэй сэтгүүлчдэд шударга, ёс зүйт сонгуулийн талаар болон түүнийг хэрхэн мэдээлж сурвалжлах тухай, хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүргийн тухай мэдлэг ойлголт өгөх, эмэгтэйчүүдийн улс төр, нийгмийн оролцоог хөхиүлэн дэмжих юм. 


Сургалтыг онлайн марафон хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд нийт 40 орчим сургалтын материалыг оролцогчдод нээлттэй үзүүлж, тав хоногийн турш видео хичээлүүдтэй танилцаж, багшаасаа асуулт асууж, хамгийн идэвхтэй, бүтээлч гурван оролцогчыг марафоны ялагчаар тодрууллаа.

Шилдэг оролцогчоор Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Сэтгүүл зүйн тэнхмийн оюутан Ж.Отгондулам, Н.Энхтэнгэр, Баян-Өлгий аймгаас оролцогч чөлөөт сэтгүүлч Л.Юмдүүжин нар шалгарсан юм. 

Анх нээлтийн чуулганы үеэр буюу 5 сарын 25-ны өдөр 87 сэтгүүлч чуулганд шууд оролцсон бол марафоны явцад 260 гаруй оролцогчид "GIC-Сэтгүүлчдийн онлайн сургалт" фэйсбүүк группт нэгдэж сургалтад хамрагджээ. 


Нийт оролцогчдын 89,8% нь эмэгтэй, 10,2% нь эрэгтэй үүнээс нийт оролцогчдын 67% нь 18-34 насны залуучууд байгаа юм. Мөн Марафоны явца нийт 921 сэтгэгдэл буюу “comment”, 3197 хариу үйлдэл буюу  “reaction” байна гэсэн тоон мэдээлэл байна. 

Энэхүү онлайн сургалт-марафоны сургагч багшаар их дээд сургуулийн эрдэмтэн багш нар, сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллагын судлаачид, иргэний нийгэм, олон улсын байгууллагын мэргэжилтнүүд хамтран ажиллалаа.  


Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь залуучууд, эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэгтгэн тэдний иргэний оролцоог идэвхжүүлэхэд оршиж байгаа юм.Залуучууд, эмэгтэй сэтгүүлчдийн онлайн чуулган-сургалтыг "Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн" (IRI)-гийн “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд Америк ард түмний дэмжлэгээс бүрдсэн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтай амжилттай зохион байгууллаа. 

Та сэтгүүлчдийн онлайн сургалтын группд нэгдэхийг хүсвэл энд дарж хүсэлтээ илгээнэ үү. 

 #YouthWomenMongolia #БиднийУлсТөр