“Үнэний төлөө” 12 дахь удаагийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг гардуулна

Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан олгодог “Үнэний төлөө” 12 дахь удаагийн шагналыг 2020 оны 5 сарын 1-ний өдөр гардуулна. 

Монголын ардчилал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний сорил болсон 2008 оны 7 дугаар сарын 1-ний үйл явдлыг шуурхай сурвалжлан олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гарган үнэний төлөө хувь нэмэр оруулсан 8 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтанд анх удаа "Үнэний төлөө" хэвлэлийн эрх чөлөөний шагнал олгосон юм.

УИХ-ын сонгуулийн үр дүнг эсэргүүцэгчдийн МАХН-ын үүдэнд хийсэн жагсаал цуглаан, түүний дараа үүсэж бий болсон эмх замбараагүй байдлыг сурвалжилж яваад халдлагад өртөн гэмтэж бэртсэн “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Б.Бямба-Очир, “Монголын мэдээ” сонины гэрэл зургийн сурвалжлагч Н.Ариунаа, ТВ-8 телевизийн зураглаач Н.Батбаяр, МҮОНТВ-ийн ММ агентлагийн сэтгүүлч Х.Эрдэнэбулган, http://www.gogo.mn/ вэб сайтын зураглаач Т.Анхтамир, Ийгл ТВ-ийн зураглаач Д.Ууганбаатар, Л.Өлзийбаяр, энэ үеэр хүний амь эрсдсэн тухай хамгийн түрүүн олж мэдээлсэн МҮОНТВ-ийн ММ агентлагийн сэтгүүлч Б.Баасанбямба нар Хэвлэлийн эрх чөлөөний шагналын анхны эзэд болсон юм.