Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдөрт зориулсан “Facebook Live” мэдээллийн үйл ажиллагаа болно

Глоб Интернэшнл төв Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдөр (ДХЭЧӨ)-ийг тохиолдуулан 2020 оны 5 сарын 1-ний өдөр 13:00 цагт “Facebook Live” мэдээллийн үйл ажиллагаа зохион байгуулж Монгол Улс дахь хэвлэлийн эрх чөлөөний зөрчил, тохиолдол, судалгааны тоо баримтыг танилцуулна. Мөн  “Үнэний төлөө” 12 дахь удаагийн шагналыг гардуулна. Энэхүү шагналыг Глоб Интернэшнл төв 2008 оноос хойш үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж, эрсдэлд орсон сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынханд олгож байгаа юм.

ДХЭЧӨ-ийг энэ жил 27 дахь удаагаа дэлхий нийтээрээ тэмдэглэнэ. ЮНЕСКО, Нидерландын Вант Улстай хамтран Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний асуудлаарх бага хурлыг дөрөвдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Гааг хотноо зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч КОВИД-19-ийн тархалтын улмаас аравдугаар сарын 18-20-ний өдрүүдэд товлон хойшлуулсан байна. Ийнхүү Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг арваннэгдүгээр сарын 2-ны өдөр тохиодог Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох Олон улсын өдөртэй хамтатган тэмдэглэхээр болжээ. Иймд Глоб Интернэшнл төв мөн жил бүр зохион байгуулдаг үйл ажиллагаагаа онлайн горимд шилжүүлэн “Facebook Live”  зохион байгуулахаар боллоо.

Энэ жилийн ДХЭЧ-ний өдрийн уриа хараат бус сэтгүүл зүйг хамгаалан бэхжүүлэхэд анхаарахыг уриалж “Айдас үгүй, Зусар үгүй сэтгүүл зүй” гэжээ. Хараат бус сэтгүүл зүйг хөгжүүлэхийн тулд засгийн газрууд, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, шүүх засаглал, эрх зүйн салбарынхан, интернэт бизнес эрхлэгчид, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид болон залуучуудын оролцоо чухал үүрэгтэй болохыг онцолжээ.

Мөн “Өнөөгийн мэдээлэл харилцааны технологийн хувьсгал болоод томоохон интернэт компаниудын өсөлт хөгжил хараат бус сэтгүүл зүйг бас нэгэн сорилттой тулгаруулж, цаашилбал, хэвлэлийн эрх чөлөөний нийгмийн үнэ цэнийг бууруулж байна. Эдгээр өөрчлөлтийн улмаас сэтгүүл зүйн нийгэмд гүйцэтгэх үүрэг өмнөхөөсөө илүү үнэ цэнэтэй, өвөрмөц болж байгаа учраас дэлхий даяар хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн хараат бус байдлыг дэмжих үйл хэрэг эрчимжсээр байна” хэмээн ЮНЕСКО-оос гаргасан үзэл баримтлалын бичигт дурьджээ. 

ЮНЕСКО-оос 2020 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан үзэл баримтлалын баримт бичиг