Олон улсын байгууллагууд МУ-ын Засгийн газарт хандаж уриалга гаргалаа

Мэдээллийн эх сурвалж: www.transparency.org

"Transparency International" болон "ARTICLE 19" олон улсын байгууллагуудаас Монгол Улсын Засгийн газарт хандаж чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинд аюул, заналхийлэл учруулж буй хууль тогтоомжуудад яаралтай арга хэмжээ авахыг уриаллаа.

2020 оны нэгдүгээр сард Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.14-р зүйл буюу Худал мэдээлэл тараахыг гэмт хэрэгт тооцон хуульчилсан нь хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн билээ. Энэхүү заалтад илт худал мэдээлэл тараасан тохиолдолд 450.000-1.350.000 төгрөгөөр торгох, эсхүл нийтэд тустай ажил 240 -720 цаг хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулахаар заажээ.

"Хуурамч мэдээлэл", “Илт худал мэдээлэл” гэсэн нэр томъёог хуульд тодорхойлж оруулж өгөөгүйн улмаас Монгол Улс дахь хэвлэл мэдээллийн эрх чөлөө, авлигатай тэмцэх чиглэлээр ажилладаг олон олон идэвхтнүүд сэтгэл зовниж байна. Практикт Илт худал мэдээлэл тараасан зүйл ангиар хэрэг үүсэн шалгагдаж байгаа тохиолдолд цагдаа, прокурор, шүүхийн байгууллагууд тухайн мэдээлэл үнэн зөв эсэхийг бүрэн гүйцэд нягтлан шалгаж чаддаггүй.

Эрүүгийн хуульд орохоос өмнө энэ төрлийн гэмт хэрэг Зөрчлийн тухай хуулийн 6.21-ээр зүйл “Гүтгэх” заалтаар зохицуулагдаж ирсэн. 2017 оны долдугаар сарын нэгний өдрөөс эхлэн Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш нийт 100 гаруй сэтгүүлчийг шүүх, цагдаадын байгууллагад өгсөн бөгөөд гомдол гаргасан нийт иргэдийн дийлэнх хувь нь улс төрийн өндөр албан тушаалтан байв.

Мэдээлэл авах, эвлэлдэн нэгдэх, хараат бус, бие даасан хэвлэл мэдээлэлтэй байх нь ардчиллын тулгуур үнэт зүйл билээ. Эдгээр эрхүүд бүрэн гүйцэд хэрэгжсэнээр авлигатай тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг Монгол Улсын хууль тогтоох, эрх бүхий албан тушаалтнууд хүлээн зөвшөөрөхийг "Transparency International" болон "ARTICLE 19" олон улсын байгууллагуудаас уриалж байна.

МУ-ын Засгийн газар нь иргэдийнхээ Үндсэн хуулиараа баталгаажуулсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаатай эдлүүлэх боломжоор хангахыг хүлээн зөвшөөрөх ёстой. гэжээ