2020 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс

“Коронавирусийн улмаас асуудал нь гүнзгийрсэн сэтгүүл зүй шийдвэрлэх шинэ арвантай золгож байна”

Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллагаас нэгтгэн гаргаж буй 2020 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээс харвал сэтгүүл зүйн ирээдүйг шийдвэрлэх шинэ арвантай золгож байна. Цаашилбал, хараат бус, олон ургалч, найдвартай мэдээлэл хэвлэн нийтлэхэд халтай олон асуудлууд Ковид-19 цар тахлын үеэр улам хүчийг авч тодрон гарч ирлээ. 

Дэлхийн 180 улс, бүс нутгийн сэтгүүлчдийн нөхцөл байдалд жил тутам үнэлгээ хийдэг энэхүү индексийн 2020 оны хувилбараас харвал сэтгүүл зүйн ирээдүйд нөлөөлөх олон хямралууд давхцаж буй учраас ирэх арван жил нь хэвлэлийн эрх чөлөөнд амин чухалд тооцогдох цаг үе болж байна: геополитикийн хямрал (авторитар дэглэмүүдийн харгислалаас улбаатай), технологийн хямрал (ардчилсан баталгаа дутмаг болсноос улбаалж), ардчилсан хямрал (хэт туйлширсан болон дарангуйллын бодлогоос улбаалж), итгэлийн хямрал (хэвлэл мэдээллийг сэжиглэж, тэднийг үзэн ядах байдлаас улбаалж), эдийн засгийн хямрал (чанартай сэтгүүл зүйн үгүйрэл).

Дэлхий нийтийн эрүүл мэндийн хямралын улмаас улам гүнзгийрч буй дээрх таван салбарын хямралын нөлөөллийг индекс боловсруулах аргачлалын тусламжтай тооцоолох боломж бүрдсэн юм.  

“Бид сэтгүүл зүйн ирээдүйд нөлөөлөх хямрал бүхий шийдвэрлэх шинэ арвантай золгож байна” хэмээн Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар хэлсэн юм. Мөн тэрбээр “Коронавирусийн цар тахал нь үнэн мэдээлэл хүлээж авах эрхэд заналхийлж буй сөрөг хүчин зүйлсийг ил болгосны зэрэгцээ өөрөө дордуулагч хүчин зүйл болж байна. 2030 он гэхэд мэдээллийн эрх чөлөө, олон ургалч, сэтгүүл зүйд итгэх байдал ямар байх вэ? Эдгээрийн хариулт нь өнөөдөр тодорхой болж байна” гэлээ

Индекс дэх орнуудын эрэмбэ ба коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг далимдуулан хэвлэлийн эрх чөлөөг дарангуйлах явдал нь хоорондоо харилцан хамааралтай болохыг тодоор харж болно. Хятад (177-рт) болон Иран (3-аар ухарч 173-рт) улс нь коронавирусийн тархалтын талаарх мэдээллийг маш өргөн хүрээнд цензурдсан. Харин Иракийн (6-аар ухарч 162-рт) эрх мэдэлтнүүд коронавирусийн халдварын албан ёсны тоонд шүүмжлэлтэй хандсан сурвалжлага бэлтгэснийх нь төлөө Reuters-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг гурван сарын хугацаанд цуцаллаа. Европт л гэхэд Унгарын (2 байр ухарч 89-рт) ерөнхий сайд Виктор Орбан “коронавирус”-ийн тухай хууль баталснаар хуурамч мэдээлэл түгээсэн этгээдэд тав хүртэлх жилийн хорих ял оноохоор болсон нь үйлдэлд ахадсан арга хэмжээ юм.

“Нийтийн эрүүл мэндийн хямрал нь авторитари засгийн газруудад муу нэрээр алдаршсан “шокийн зарчим”-аа хэрэгжүүлэх боломжийг олгож байна. Ингэснээр тэд олон нийтийн цочрол, улс төрийн зогсонги байдал, эсэргүүцэл илэрхийлэх ямар ч боломжгүй нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлж энгийн үед хэзээ ч бүтэшгүй арга хэмжээнүүдийг авч эхэлдэг” хэмээн эрхэм Делуар онцолсны зэрэгцээ “Шийдвэрлэх энэ арван жилийг хөнөөлгүй байлгахын тулд сайхан сэтгэлт хүн та хэн ч бай сэтгүүлчдийг нийгмийн итгэлийг даасан гуравдагч хүчний үүргээ бүрэн дүүрэн биелүүлэх боломжоор хангах кампанит аянд нэгдэх ёстой. Товчхондоо сэтгүүлчид үүргээ биелүүлэх боломжоор заавал хангагдах байх ёстой” гэдгийг онцолсон юм.