“Нийтийн хэвлэл мэдээллийг мэдлэгийн талбар болгоё” цахим аян эхэллээ

Цахим орчинг зохистой ашиглахад уриалах зорилгоор Глоб Интернэшнл төв “Нийтийн хэвлэл мэдээллийг Мэдлэгийн талбар болгоё” цахим аяныг эхлүүлж байна. Энэхүү аяны зорилго нь цахим орчин дахь эерэг зан үйл, хандлагын соёл хэвшүүлэх замаар олон нийтийн нийгмийн хэвлэл мэдээллийн талбарыг (social media) зохистой ашиглахад нөлөө үзүүлэх юм. Мөн олон нийт, нийгмийн бүлгүүдэд үзэл бодлоо илэрхийлэхэд тавигдах онцгой үүрэг, хариуцлага, хязгаарлалтын мөн чанар, зарчмын тухай мэдлэг, ойлголтыг өгөх зорилготой юм. 

Мөн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд нийгмийн хэвлэл мэдээллийн сувгаар түгээж буй сөрөг мэдээллийг саармагжуулах, залруулах, зүй ёсны хариу үйлдэл хийдэг байх нь чухал юм. Иймд хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийг цахим орчинд үлгэр жишээ үзүүлэн хэрэглэгчдээ соён гэгээрүүлэх үйлст нэгдэхийг уриалж байна. 

Хүн бүр үзэл бодлоо ямар ч хорио саадгүй илэрхийлэх эрхтэй. Гэхдээ үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд онцгой үүрэг хариуцлага ноогдох бөгөөд үзэл бодлоо илэрхийлж байна хэмээн бусдыг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах, үзэн ядах үг хэллэгийг дэвэргэж болохгүй. 

Судлаач Д.Мөнхчимэг, Ц.Чимиддондог нарын хийсэн “Цахим орчин дахь үзэн ядалтын үг хэллэг” судалгаагаар сүүлийн нэг жилийн хугацаанд 43 сайтын 50 бүтээлд шинжилгээ хийхэд бусдыг ялгаварлан гадуурхсан, өдөөн турхирсан, туйлширсан 130 орчим үг, хэлц үг, холбоо үг, хэвшмэл хэллэг байгааг илрүүлжээ. Мөн үзэн ядалтын шинжтэй үг хэллэг түгээмэл байсан аж.  

Ийм ч учраас иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэхийн зэрэгцээ мөн үүрэг хариуцлагаа ухамсарлах нь тулгамдсан асуудал болоод байна. Монгол Улсад зөвхөн Фэйсбүүк хэрэглэгчдийн тоо 2.1 сая байгаа бөгөөд энэ үзүүлэлтээрээ Ази тивдээ тэргүүлж байна. Тэдгээр хэрэглэгчийн 60 гаруй  хувь нь 16-35 насны залуучууд байгаа юм. Нийгмийн хэвлэл мэдээллийн талбар буюу цахим орчинг өөрийн зорилгод  урвуулан ашиглах, хэтрүүлэн ашиглах, нийгмийн сэтгэл зүй, санаа бодолд сөрөг нөлөө үзүүлэх үйлдлийн эсрэг энэхүү цахим аянг эхлүүлж байгаа юм.  Энэ аяны хүрээнд: 

- Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний онцгой үүрэг, хариуцлага ба хязгаарлалт 

- Ялгаварлан гадуурхалт ба үзэн ядалтаас үүдэлтэй үг хэллэг

- Фэйсбүүк хэрэглэгчдийн хэм хэмжээ 

- Хүчирхийллийг турхирсан, өдөөсөн туйлширсан агуулга

- Дээрх агуулгыг зохицуулсан дотоодын хууль тогтоомжийн заалт зэрэг сэдвийн хүрээнд санамж, зурагт постер, мэдээлэл түгээх зэрэг ажлыг төлөвлөөд байна. 

Энэхүү аяныг Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр “Хэвлэл мэдээлэл ардчиллын төлөө” төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа юм.