“Үнэн амьд байгаа” хэвлэлийн бага хурал боллоо

Глоб Интернэшнл Төв сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдлийг ял шийтгэлгүй үлдээж буйг таслан зогсоох олон улсын өдөрт зориулан 2019 оны 11 сарын 1-ний өдөр “Нээлттэй Нийгэм Форум”-ын хурлын танхимд 11:00 цагаас хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 

Энэхүү хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж буй гол зорилго нь “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-ийг тэмдэглэхийн зэрэгцээ хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, олон нийтэд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн хүртээмж, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдлын ач холбогдлын талаар мэдээлэл өгөх зорилготой юм. 

Мөн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн хүртээмж, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр Глоб Интернэшнл төв дараах судалгаануудыг хийсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын Их Хуралд дараах судалгааны зөвлөмжүүдийг хүргүүлж байгаа юм. 


Зөвлөмж 1: НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд илгээсэн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг дэх Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тайлангийн зөвлөмж 

Зөвлөмж 2: Мэдээлэлтэй байх эрхийг хязгаарлаж буй хууль тогтоомжийн дүн шинжилгээний тайлангийн зөвлөмж 

Зөвлөмж 3: Европын холбоо болон Монгол улсын Засгийн газар хооронд байгуулсан худалдааны хэлэлцээр болох GSP+ механизмын үр дүнтэй хэрэгжилтийг хангах замаар хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах зөвлөмж


Энэхүү зөвлөмжүүдийг хүргүүлснээр иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн хүртээмж, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудыг дорвитой алхам хийнэ хэмээн найдаж байгаагаа Глоб Интернэшнл Төвийн тэргүүн Х.Наранжаргал хэллээ.  

Мөн энэхүү хурлын үеэр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Тапан Мишра, Европын Холбооны төлөөлөгчийн газрын Элчин сайд Траян Лауренцю Христеа, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцож сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн хүртээмж, хэвлэлийн эрх чөлөөний талаарх олон улс болоод НҮБ-ын баримталж буй зарчим, анхаарал хандуулах асуудлуудын талаар мэдээлэл өгсөн юм. 

ЮНЕСКО-гийн мэдээлснээр 2006 оноос 2017 он хүртэл дэлхий даяар 1010 гаруй сэтгүүлч амь үрэгдсэн ба тэдгээрээс 10 хүний нэг нь л шүүхээр шийдэгдсэн бөгөөд сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргийн шийтгэлгүй байдал маш өндөр хэвээр байна. Энэхүү өндөр түвшний ял шийтгэлгүй байдал нь дэлхийн олон оронд айдас түгшүүрийн уур амьсгалыг бий болгож байгаа нь зөвхөн хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүдэд төдийгүй нийт нийгэмд мэдээллийн чөлөөт эргэлт, нийт иргэдийн санаа бодлыг илэрхийлэхэд сөргөөр нөлөөлж байгааг онцолж байлаа. 

Манай улсын хувьд сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудалд анхаарал хандуулах чухал шаардлагатай байгаа гэдэг нь Глоб Интернэшнл Төвөөс 2018-2019 онд хийсэн “Сэтгүүлчийн аюулгүй байдлын түвшин тодорхойлох судалгаа”-наас харагдаж байгаа бөгөөд өдөр тутмын мэдээ мэдээлэл, эрэн сурвалжлах, нийгэм эдийн засгийн чиглэлээр бичдэг 300 сэтгүүлчийг энэхүү судалгаанд хамруулсан юм. Энэхүү судалгааны мэдээллийг судлаач А.Амартүвшин хурлын үеэр мөн танилцуулсан юм. 


Сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлж буй хэн боловч аюулгүй орчинд, аливаа сүрдүүлэг заналхийллээс ангид үйл ажиллагаагаа явуулах эрхтэй бөгөөд ингэснээр олон нийтийн үнэнийг мэдэх эрх хангагдах юм. 

Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг үйлдэх, түүнчлэн тэдний эсрэг хүчирхийллийн тоолшгүй хэлбэрүүд, тухайлбал дур мэдэн баривчлах, эрүүдэн шүүх, хулгайлах, жендэрт суурилсан хүчирхийлэл, заналхийлэл, дарамт шахалт зэрэг нь Тогтвортой хөгжлийн зорилгууд ялангуяа ТХЗ 16 буюу энх тайван, шударга ёсыг цогцлоох зорилтод саад учруулж байна. Тодруулбал олон нийтийн мэдээллийн хүртээмжийг хангах, үндсэн эрх чөлөөг хамгаалахад чиглэсэн 16.10 дахь зорилтыг хэрэгжүүлэхэд нөлөөлж байгаа юм. Сэтгүүлчдийн олон нийтийн эрх ашгийн төлөөх дуу хоолойг боомилох гэсэн оролдлого бүр нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж буй хэрэг бөгөөд уг эрх чөлөөгөө эдлэхгүйгээр ардчилсан нийгэм, сурч боловсрох, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, эрүүл мэндээ хамгаалуулах боломж хязгаарлагдаж, хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг бүрдүүлэгч гол хүчин зүйл, эдгээрийг цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилгоос ухрах аюултай юм.