“Нийгмийн хэвлэл мэдээллийн эрх зүйн ба өөрийн зохицуулалт” зөвлөлдөх уулзалт боллоо

“Нийгмийн хэвлэл мэдээллийн эрх зүйн ба өөрийн зохицуулалт” зөвлөлдөх уулзалт 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд боллоо. Энэхүү уулзалтын зорилго нь “Нийгмийн хэвлэл мэдээллийн эрх зүйн ба өөрийн зохицуулалт” судалгааны үр дүнг танилцуулах, уулзалтад оролцогч талуудтай харилцан зөвлөлдөх юм. 

Уулзалтыг нээж Глоб Интернэшнл төвийн УЗ-ийн дарга Б.Галаарид, ХХМТГ-ын Радио телевиз, Нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Золзаяа нар нээлтийн үг хэллээ. 

“Нийгмийн хэвлэл мэдээллийн эрх зүй, өөрийн зохицуулалт” судалгаа нь үндсэн хоёр хэсэгтэй. Нэгдүгээрт нийгмийн хэвлэл мэдээллийн агуулгыг хууль тогтоомжоор зохицуулж буй байдал, бусад улсын туршлагаас судалсан байна. Тухайлбал ХБНГУ, Итали, Австрали, БНСУ-ын батлагдсан, хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж, түүнчлэн олон улсын хэм хэмжээний талаарх судалгааг МХХ-ны гишүүн, хуульч Л.Галбаатар хийжээ. 


Хоёрдугаарт, хэвлэл мэдээллийн нийгмийн сүлжээний орчинд хийдэг өөрийн зохицуулалтын туршлагын талаарх судалгааг ГИТ-ийн тэргүүн Х.Наранжаргал, хөтөлбөрийн менежер Ц.Мөнхжин нар хийж гүйцэтгэв. Үүнд Ази, Америк, Европын хэвлэл мэдээллийн ашгийн бус, ашгийн төлөө хэвлэл мэдээллийн дөрвөн байгууллага, тухайлбал The Associated Press, BBC, The New York Times, Asahi Shimbun, мөн Бельги, Герман, Нидерланд, Финландын Хэвлэлийн зөвлөлийг хамруулан судалсан байна. Судалгааны хоёр хэсэг тус бүрт зөвлөмж боловсруулсан бөгөөд, зөвлөмжийг оролцогчдод танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүүлсэн юм. Уулзалтад төр, төрийн бус байгууллага, их дээд сургуулийн багш, оюутнуудын төлөөлөл 60 орчим хүн оролцлоо.

Уг судалгааг Глоб Интернэшнл Төв 2019 оны нэгдүгээр сараас эхлэн Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр “Хэвлэл мэдээлэл ардчиллын төлөө” төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн юм. 

“Нийгмийн хэвлэл мэдээллийн эрх зүйн ба өөрийн зохицуулалт” судалгааг бүрэн эхээр нь уншихийг хүсвэл энд дарна уу.