Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний тайланг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд илгээлээ

    Глоб Интернэшнл төв, хэвлэл мэдээллийн төрийн бус байгууллага, сэтгүүл зүйн эрдэмтэн багш, нийслэл, орон нутгийн сэтгүүлчидтэй хамтран боловсруулсан Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний тайланг 2019 оны 10 сарын 3-ны өдөр НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд илгээлээ. 

    Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг буюу UPR-ийн тайланг НҮБ-ын гишүүн 192 улс орон дөрвөн жил тутам илгээх ёстой бөгөөд улс орон бүр хүний эрхийн төлөв байдлаа дүгнэн хэлэлцдэг механизм юм. Глоб Интернэшнл төв энэхүү тайланг хоёр дахь удаагаа илгээж байгаа юм. 

    Монголын Засгийн газар 2015 онд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чиглэлээр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс хүлээн авсан 8 зөвлөмжөө (108.131-108.138) өнөө хүртэл хэрэгжүүлээгүй байгаа юм. Энэ жилийн тайланг дээрх найман зөвлөмжид тулгаарлан бэлтгэсэн бөгөөд нийт долоон зөвлөмжийг багтаасан байна. 

    Тухайлбал Зөрчлийн тухай хуулийн 6.21 дэх заалтыг хүчингүй болгох, Олон нийтийн зүтгэлтнүүд нээлттэй шүүмжлэлд хүлээцтэй хандах, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд хязгаарлалтын хүрээг нарийвчлах, Төрийн болон албаны нууцын тухай хуульд хязгаарлалтыг Засгийн газрын тогтоол,төрийн байгууллагын дотоод журмаар бус, гагцхүү хуулиар тогтоохоор өөрчлөн батлах, Эрүүгийн хуулийн “Төрийн нууц мэдээллийг хууль бусаар олж авах” хэмээх 19.11дэх зүйл хэсгийг өөрчлөх, Өгөгдөл хамгаалах хууль тогтоомж батлах, сонгуулийн гурван хуулийн төсөлд одоогоор тусгагдсан сонгуулийн сурталчилгаатай холбоотой заалтуудыг олон улсын хэмжээнд нийцүүлэн өөрчлөх, өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цуцлах заалтуудыг хүчингүй болгох зэрэг асуудлуудыг багтаасан байна.

Тайлантай дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл энд дарна уу.