ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
2019 оны 5-р сарын 08
Глоб Интернэшнл төв “Монголын бүтээгдэхүүн Европын холбооны зах зээлд гарах боломж” сэдэвт захиргааны танхимын уулзалтыг Нийслэлийн Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд 5 дугаар сарын 8-ны өдрийн 14.00 цагт зохион байгууллаа.
Нийслэлийн ЗДТГ, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан тус уулзалтаар дотоодын бизнес эрхлэгчид, иргэний нийгэм, төрийн төлөөлөлд Европын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох эдийн засгийн үр өгөөжийн талаар түлхүү мэдээлэл олгов.
Уулзалтыг Нийслэлийн Засаг даргын орлогч М.Халиунбат нээж үг хэлэхдээ үндэсний хэмжээнд үйлдвэрлэл эрхэлж буй нийт аж ахуйн нэгжийн 66 хувь нь байршдаг гэдэг утгаараа Улаанбаатар хотыг бизнест ээлтэй хот болгон хөгжүүлэхээр зорьж буйг тодотгосон юм. Мөн Монгол Улс дахь Европын Холбооны төлөөлөгчийн газрын Элчин зөвлөх Марко Ферри, МХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нар ч нээлтийн үеэр хэлсэн үгэндээ бизнесийн орчинг сайжруулж, дотоодын үйлдвэрлэлийн стандартыг европын түвшинд хүргэхэд чиглэсэн ажлуудыг эхлүүлснээ дуулгав.
Түүнчлэн уулзалтаар GSP+ механизмд нэгдэн орсон орнууд татварын хөнгөлөлт хүлээснийхээ хариуд хүний эрх, хөдөлмөрлөх эрхийн 27 конвенцийг даган биелүүлэх үүрэг хүлээдэг төдийгүй тухайн орнуудад Европын холбооноос хүний эрхийн нөхцөл байдлын үнэлгээг тогтмол хийдэг болохыг Глоб Интернэшнл төвийн хөтөлбөрийн менежер Б.Онон танилцуулгадаа дурдлаа.
Европын Холбооны санхүүжилтээр Democracy Reporting International байгууллагын захиалгаар хэрэгжүүлж буй “GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” төслийн хүрээнд Улаанбаатар хотоос гадна Төв, Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Увс аймагт Захиргааны танхимын уулзалтууд зохион байгуулсан юм.
“GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” төсөл нь суурь хүний эрхүүдийг хэрэгжүүлэхийн тулд нөлөөллийн үйл ажиллагаа болон мэдлэг ойлголтыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж буй иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих зорилготой. Одоогоор тус төсөл нь Армен, Боливи, Кабо Верде, Киргиз, Монгол, Пакистан, Парагвай, Филиппин, Шри Ланка гэсэн Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд эдийн засгийн урамшуулал хүртэж буй 9 улсад хэрэгжиж байна.