Глоб Интернэшнл төв “GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих” төслийн хүрээнд 2019 оны I улирлын турш “Орон нутгийн бизнес Европын Холбооны зах зээлд гарах боломж” сэдэвт уулзалтыг долоон аймагт амжилттай зохион байгууллаа.
Увс, Архангай, Сүхбаатар, Баянхонгор, Орхон, Дархан-Уул, Төв аймагт тус тус зохион байгуулсан захиргааны танхимын уулзалт нь орон нутгийн бизнес эрхлэгчдэд Европын Холбооны GSP+ буюу Хөнгөлөлтийн Ерөнхий системийг үр дүнтэй ашиглах талаар илүү мэдээлэл олгох зорилготой байв. Мөн орон нутгийн удирдлагууд жижиг дунд бизнес эрхлэгчдийг Европын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад нь дэмжих, эдийн засгийн хөгжлийн бодлогодоо үр дүнтэй, урт хугацааны алхмуудыг тусгах нь чухал байв. Уулзалтын нэг давуу тал нь тухайн орон нутгаас гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортолдог бизнес эрхлэгчдийн сайн туршлагыг түгээх замаар харилцан суралцаж, харилцан хөгжих боломжийг бий болгоход оршиж байсан юм.
Уулзалтыг илүү үр дүнтэй болгохын тулд Хүний эрхийн үндэсний комисс, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, тухайн аймаг бүрийн Засаг даргын тамгын газар, орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
Монгол Улс 2005 онд дээрх системд нэгдэн орсноор дотоодын бизнес эрхлэгчид Европын зах зээлд 7200 нэр төрлийн бүтээгдэхүүнийг гаалийн татваргүйгээр экспортлох боломж нээгдсэн. Гэвч хөдөө орон нутгийнхан энэ талаар тун бага мэдээлэлтэй байна. Тухайлбал уулзалтад оролцогчдоос GSP+ системийн талаар мэдээлэлтэй байсан эсэхийг тодруулахад нийт оролцогчдын 3 хүрэхгүй хувь нь л сонсож байсан гэжээ. Энэ нь 2005 оноос хойших 14 жилийн хугацаанд GSP+ системийн ашиглалт, давуу тал, Монгол Улсад ногдож буй тодорхой үүрэг хариуцлагуудын талаар иргэд, олон нийт, тэр дундаа орон нутгийн түвшинд мэдлэг ойлголт түгээх ажил дутмаг байсныг харуулж байна.
Европын Холбооны санхүүжилтээр “GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” төслийг Democracy Reporting International байгууллагын захиалгаар Глоб Интернэшнл төв Монгол Улсад хэрэгжүүлж байна. Уг төсөл нь хүний суурь эрхүүдийг хэрэгжүүлэхийн тулд нөлөөллийн үйл ажиллагаа болон мэдлэг ойлголтыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж буй иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих зорилготой.
Одоогоор үүнтэй ижил төслийг Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд эдийн засгийн урамшуулал хүртэж буй Армен, Боливи, Кабо Верде, Киргиз, Монгол, Пакистан, Парагвай, Филиппин, Шри Ланка гэсэн 9 улсад хэрэгжүүлж байна.