Олон нийтийн сүлжээгээр шүүмжлэл өрнүүлсний төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэж, өндөр хэмжээний торгууль ногдуулсныг Глоб Интернэшнл Төв эсэргүүцэж байна
Өнгөрсөн онд А.Гансүхийн гомдлоор жиргээч Ц.Батад эрүүгийн хариуцлага хүлээлгэн, 100 хоногийн хугацаанд баривчлах ялаар шийтгэсэн хэрэгт Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч анхаарлаа хандуулан мэдэгдэл гаргаж байсан.

Үзэл бодлоо илэрхийлж, шүүмжлэл өрнүүлснийх нь төлөө Эрүүгийн хуулиар шийтгэж буй нь ардчилсан нийгмийн амин чухал үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаад зогсохгүй чөлөөт шүүмжлэлийг нухчин дарах, иргэдийн дуу хоолойг боомилох, тэдний дунд айдас хүйдэс бий болгох аюул занал учруулдаг тул олон улс оронд гүтгэлэг, доромжлолтой холбоотой заалтыг Эрүүгийн хуулиас халж байна.

Нэр төрд халдсан хэргийг Иргэний хуулийн зохих зүйл заалтын дагуу шийдвэрлэх нь ардчилсан нийгмийн зарчим бөгөөд Монгол улсын нэгдэн орсон, соёрхон баталсан олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг гэдгийг сайд асан А.Гансүхэд сануулж байна.

А.Гансүх Та төрийн өндөр албан тушаалтан хүний хувьд 2000 онд НҮБ гишүүн орнууддаа хандан, гүтгэлгийн эсрэг хуулиа нягталж, үүнийгээ олон улсын өмнө хүлээсэн үүрэгтээ нийцүүлэхийг сануулсан, мөн 2011 оны 3 дугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл нь Монгол Улсын Засгийн газарт хандан нэр төр, алдар хүндэд халдсан хэргийг Эрүүгийн хуулиас халахыг зөвлөснийг мэдэж буй биз ээ. Дээрх зөвлөмжийн хэрэгжилтийн тайланг Монгол улсын Засгийн газар энэ онд илгээх ёстой.

Ардчилсан нийгэмд эрх мэдэлтэн, өндөр албан тушаалтнууд нийгмийн өмнө өндөр хариуцлага хүлээдэг, олон нийтийн хараа хяналт, шүүмжлэлд өртөмтгий бүлэгт багтдаг. Иймээс олны нүдэнд ил байдаг бүлгийн хувьд аливаа шүүмжлэлд хүлээцтэй хандахыг уриалж байна.

Глоб Интернэшнл Төв нь 1999 онд байгуулагдсан цагаасаа эхлэн үзэл бодлын эрх, илэрхийллийн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, сэтгүүлчдийн мэргэжлийн эрх, мэдээлэл авах эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.

Глоб Интернэшнл Төв
Чингэлтэй дүүрэг, 4-р хороо,
Дипломат 95 цогцолбор, 3-р орц, 32 тоот
Улаанбаатар хот
Утас: 324764, 324627; Факс: 324764
И-мэйл: hnaran@globeinter.org.mn
globenews@globeinter.org.mn
globemon@gmail.com
http://www.globeinter.org.mn