Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Б.Мягмарсүрэн Танаа
Сэтгүүлч Н.Мөнхтөр аймгийн төрийн өндөр албан тушаалтнуудын талаар шүүмжлэлт цуврал нийтлэл бичжээ. Эдгээр нийтлэлээс үүдэн халдашгүй эрхэнд халдаж, удаа дараа гүтгэн доромжилсон гэсэн таны гомдлоор сэтгүүлчид Эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Та иргэний хувьд өөрийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээ мэдээлэлд хариу өгөх эрхтэй. Танд хүссэн хэлбэрээр дээрх мэдээлэлд хариу өгөх, няцаах эрх, боломж нь ч  бий. Нэр төрөө сэргээлгэхийг хүсвэл Иргэний хуулийн холбогдох зүйл заалтын дагуу гомдол гаргах боломжтой.

НҮБ болон олон улсын хэм хэмжээгээр сэтгүүлчдийг Эрүүгийн хэргээр яллах нь чөлөөт шүүмжлэлийг нухчин дараад зогсохгүй ардчилсан нийгмийн суурь зарчмын нэг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарладаг.

Та бол иргэдийн өмнө амлалт өгч, тэдний итгэлийг хүлээн сонгуульт албан тушаал эрхэлж буй нийтийн албан тушаалтан тул таны үйл ажиллагаа хуулийн хүрээнд нийтэд нээлттэй, ил тод байх ёстой.

Сэтгүүлчийг Эрүүгийн хуулиар яллах гэсэн таны энэ үйлдэл нь эрүүгийн хуулийн зүйл заалтыг ашиглан сэтгүүлчийг айлган сүрдүүлэх, дуу хоолойг нь боомилох цензур болон хувирч болзошгүй бөгөөд үнэн бодит мэдээлэл олж авах олон нийт болон сонгогчдын эрхийг ч мөн бүдүүлгээр зөрчиж буй хэрэг.

Олон улсын жишгээр нийтийн албан тушаалтан нь олон нийтийн хараа хяналтад байж, шүүмжлэлд өртөмтгий бүлэгт багтдаг. Олон нийт ч тэдний үйл ажиллагаа, үйлдлийг байнга хянах эрхтэй. Сэтгүүлч хүн олон нийтийн өмнөөс энэ үүргийг гүйцэтгэдэг бөгөөд нийгэмд буй аливаа бугшмал, хууль бус, зохисгүй үйлдлийг илчлэн, үнэнийг мэдэх эрхэд үйлчилж байдаг онцгой үүрэгтэй хүмүүс юм.

2000 оны 12-р сарын 1-нд НҮБ-аас гаргасан Тунхаглалд “Гишүүн орнууд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрхийг үл хязгаарлах байдлыг хангахын тулд гүтгэлгийн эсрэг хуулиа нягталж, үүнийгээ олон улсын өмнө хүлээсэн үүрэгтээ нийцүүлэхийг” сануулсан байдаг.

Мөн 2011 оны 3-р сард Нью Йорк хотноо болсон  НҮБ-ын Хүний эрхийн хорооны 101 дэх хуралдаанаар Хүний эрхийн хорооноос Монгол Улсын Засгийн газрын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын хэрэгжилтийн тухай ээлжит илтгэлийг хэлэлцээд, Монгол улсын Засгийн газарт хандан нэр төр, алдар хүндэд халдсан хэргийг Эрүүгийн хуулиас халахыг зөвлөсөн билээ. Монгол Улсын Засгийн газар дээрх Пактын хэрэгжилтийн тухай ээлжит илтгэлээ НҮБ-ын Хүний эрхийн хороонд илгээх хугацаа энэ онд тохиож байна.

Таныг сэтгүүлчийн эсрэг үүсгэсэн Эрүүгийн хэргийг эргэн нягталж, Иргэний хууль, эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслийн өөрийн зохицуулалтын хүрээнд шийдвэрлүүлнэ гэдэгт найдаж байна.

ТЭРГҮҮН  Х.НАРАНЖАРГАЛ