Шуурхай мэдээ: Монгол Улс
Эх сурвалж: Глоб Интернэшнл Төв
Огноо: 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр
Харилцаа холбооны зохицуулах хороо Amjilt.com мэдээллийн вэб сайтыг үндэслэлгүйгээр хаасан үйлдлийг Глоб Интернэшнл Төв эрс эсэргүүцэж байна.
2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Amjilt.com вэб сайтын сэтгүүлч гэрэл зураг бүхий баримтан дээр тулгуурлан “Ерөнхий сайдын "Хаан жимс" амралтын газар Туул гол руу бохироо асгаж байна” гарчигтай нийтлэл бичжээ. Тус нийтлэл гарсны маргааш буюу 7 дугаар сарын 4-ний өдөр ХХЗХ-ны холбогдох албан тушаалтан тус сайтын удирдлага руу утасдаж "Хаан жимс" амралтын газрын гомдлын дагуу ярьж байна” гээд нийтлэлээ устгахыг шаардаж “Гүтгэлгийн мэдээ байна. Залруулга гарга. Тэгэхгүй бол танай сайтыг цагийн дараа хаана” хэмээн сүрдүүлжээ. Сайтын удирдлагын зүгээс ямар үндэслэлээр ийм шаардлага тавьж байгааг лавлахад тодорхой хариулт өгөөгүй байна. Энэ ярианаас хойш 3 цагийн дараа тус сайтыг ХХЗХ-ны хар жагсаалтад оруулан, хаажээ.
ХХЗХ нь сайтын үйл ажиллагааг хаасан үндэслэлээ тайлбарлаагүй бөгөөд сануулга өгсөн ямарваа нэгэн албан бичиг, үндэслэл шаардлага хүргүүлээгүй хэмээн Amjilt.com вэб сайтын удирдлагын зүгээс мэдэгдэв.
ХХЗХ нь тус вэб сайтыг зөрчилтэй домайн нэрсийн жагсаалтад оруулсан бөгөөд хаасан үндэслэлдээ: “Доорх сайтууд нь "Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай" хууль болон Монгол улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцуудыг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа тул Оюуны Өмчийн Газрын улсын байцаагчийн дүгнэлт, шийдвэрээр Монгол Улсаас хандах хандалтыг нь хаах арга хэмжээг авсан болно” гэсэн байна.
ХХЗХ-ны 2011 оны “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага” тогтоолын 11.2-д зааснаар “ХХЗХ холбогдох хууль хяналтын байгууллагаас ирүүлсэн хууль, тогтоомж зөрчсөн тухай албан ёсны шийдвэр, дүгнэлтийг үндэслэн ... заасан хугацаанд зөрчлийг арилгахгүй бол вэб сайтын үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээг зөрчил арилтал түр зогсоох тухай мэдэгдэл өгнө” гэжээ. Дээрх нөхцөл шаардлагууд вэб сайтын үйл ажиллагааг хаах үндэслэл болдог хэдий ч, Amjilt.com вэб сайтын талаар холбогдох хууль хяналтын байгууллагаас хууль, тогтоомж зөрчсөн тухай албан ёсны шийдвэр, дүгнэлт гараагүй, мөн сэтгүүлчийн эрэн сурвалжилж, гэрэл зураг, баримт дээр үндэслэн бичсэн нийтлэл нь “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай” хуулийн 25 дугаар зүйлийг зөрчсөн үйлдэл гэж үзэх үндэслэлгүй юм.
Иймээс вэб сайт хаасан үйлдлийг төрийн байгууллага болон төрийн өндөр албан тушаалтны зүгээс хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон, ардчиллын суурь зарчим болох үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, олон нийтийн үнэн бодит мэдээлэл авах эрхэд бүдүүлгээр халдсан, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг ноцтой зөрчсөн үйлдэл хэмээн Глоб Интернэшнл Төв эрс эсэргүүцэж байна.
Глоб Интернэшнл Төв төрийн байгууллага, эрх мэдэлтнүүд эрх мэдлээ ашиглан, шүүмжлэл өрнүүлсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг айлган сүрдүүлэх, дарамтлах, заналхийлэх үйлдэл өсөх хандлагатай байгаад түгшиж байна.
Глоб Интернэшнл Төв 1999 онд байгуулагдсан цагаасаа эхлэн сэтгүүлчдийн мэргэжлийн эрх, мэдээлэл, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эрхийг хамгаалах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.
Глоб Интернэшнл Төв
Чингэлтэй дүүрэг, 4-р хороо,
Дипломат 95 цогцолбор, 3-р орц, 32 тоот
Улаанбаатар хот
Утас: 324764, 324627; Факс: 324764
И-мэйл: hnaran@globeinter.org.mn
globenews@globeinter.org.mn
globe@globeinter.org.mn,
http://www.globeinter.org.mn