Глоб Интернэшнл Төв “Тэргүүн” сонины сэтгүүлчдэд Эрүүгийн хэргээр ял тулгаж, өндөр хэмжээний торгууль ногдуулсныг эсэргүүцэж байна

Шуурхай мэдээ:  Монгол Улс
Эх сурвалж: Глоб Интернэшнл Төв
Огноо:  2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр

Чингэлтэй дүүргийн шүүх 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Тэргүүн” сонины 3 сэтгүүлчийн эсрэг Эрүүгийн хуулийн 111.2 зүйлээр үүсгэсэн хэргийг хянан хэлэлцээд нийт 29 сая төгрөгийн торгуулийн ял ногдуулж, торгох ялаас зайлсхийвэл 3 жил хүртэл хугацаатайгаар хорих ялаар солихоор шийдвэрлэжээ. Мөн 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн оноосон ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргасан байна.  

Глоб Интернэшнл Төв, шат шатны шүүхийн дээрх шийдвэр сэтгүүлчдийг шоронд хорихоор айлган сүрдүүлж дарамт учруулсан, мөн хэвлэл мэдээллийн хэрэгслийг дампуурахад хүргэж болзошгүй их хэмжээний торгууль ногдуулсан нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд учруулж буй эдийн засгийн цензур хэмээн үзэн, эсэргүүцэж байна.

“Тэргүүн” сонин 2012 оны тавдугаар сарын №19(348)-д сэтгүүлч Л.Цэдэвсүрэнгийн бичсэн “Эрдэнэтийн шүүгч нар даргынхаа ногоог тарьж, гэрийн үйлчлэгч шиг бөхөлзөж байна” нийтлэлийн дагуу Орхон аймгийн шүүхийн ерөнхий шүүгч П.Батсайхан “нэр төр, алдар хүнд гутаах зорилгоор, гүтгэлгийг олон нийтэд тараасан” гэдэг үндэслэлээр гомдол гаргасныг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд хэд хэдэн удаа түдгэлзүүлж байжээ.

Мөн тус сонины 2012 оны наймдугаар сарын №31(360)-д сэтгүүлч Б.Отгонжаргалын бичсэн “Ерөнхий сайдын охин мэргэжлийн покерчин” гарчигтай нийтлэлээс үүдэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гомдлын дагуу Чингэлтэй дүүргийн шүүхээс “ажил хэргийн болон гэр бүлийн нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүтгэлэг олон нийтэд тараасан” гэсэн үндэслэлээр, түүнчлэн сонины эрхлэгч Б.Цоожчулуунцэцэгийг дээрх нийтлэлүүдийг нягталж шалгалгүйгээр “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хууль зөрчин, “бусдын нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүтгэлгийг олон нийтэд тараасан” гэмт хэрэгт тус тус холбогдуулан шалгасан аж.

Чингэлтэй дүүргийн шүүхээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гомдлын дагуу үүсгэсэн “Тэргүүн” сонинд холбогдох эрүүгийн хэргийг өмнө нь түдгэлзүүлж байсан Орхон аймгийн шүүхийн ерөнхий шүүгч П.Батсайханы гомдлын дагуу үүсгэсэн тус сонинд холбогдох Эрүүгийн хэрэгтэй нэгтгэсэн байна. Ингээд тус шүүхээр 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр дээрх хэргүүдийг хамтатгаж, хянан хэлэлцээд, Б.Отгонжаргалыг “хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэгийг олон нийтэд тараасан” гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн 111.2 дахь зүйлийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.160.400 төгрөгөөр торгох ял, Л.Цэдэвсүрэнг мөн дээрх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.722.000 төгрөгөөр торгох ял, Б.Цоожчулуунцэцэгийг “хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэгийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн” гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14.040.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулжээ.

Сэтгүүлчид “Хэргийг ингэж шийдсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 21.2 зүйлийг зөрчиж, хавтаст хэргийг Ерөнхий сайд Н.Алтанхуягт ашигтайгаар бүрдүүлсэн. Мэдээллийн эх сурвалж болсон гэрчүүдийг дутуу байцаасан, мэдээлэгчийг хэрэгт холбогдолгүйгээр орхисон. Мөн хуурамч мэдүүлэг дээр үндэслэн ял тулгасан. Сэтгүүлчдийн өгсөн нотлох баримтыг шалгаагүй, гэрч дуудуулах хүсэлтийг хүлээж аваагүй” хэмээн байр сууриа илэрхийлэв. Түүнчлэн цагдаагийн ажилтнууд сэтгүүлчдийг эх сурвалжаа илчлэхийг шаардах, мөн төрөх гээд өвдөж байгаа сэтгүүлч бүсгүйг “Гараад ир. Хавтаст хэрэгтэйгээ танилц” гэж дуудах, төрөөд удаагүй байхад гэрийнх нь орцонд хавтаст хэрэг дээр гарын үсэг зуруулах, өдөр бүр цаг бүртгүүлж байх үүрэг хүлээлгэх зэргээр дарамт шахалт үзүүлж байжээ.

Ардчилсан нийгэмд эрх мэдэлтэн, өндөр албан тушаалтнууд олон нийтийн хараа хяналтад байдаг, шүүмжлэлд өртөмтгий бүлэгт багтдаг болохыг олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн гүтгэлэг, доромжлолтой холбоотой нэр төр гутаах асуудлыг иргэд хоорондын маргаан гэж үзэж, иргэний хуулиар шийдвэрлэдэг.

Эдгээр албан тушаалтнууд иргэний хувьд өөрийн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэлд хүссэн хэлбэрээрээ хариу өгөх, няцаах эрхтэй. Мөн Иргэний хуулийн холбогдох зүйл заалтын дагуу нэр төрөө сэргээлгэх бүрэн боломжтой. Иймд Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг чөлөөт, хараат бус хэвлэл, хэвлэлийн эрх чөлөөний мөн чанар, ач холбогдол, түүний ардчилалд оруулах хувь нэмэр өөрийнх нь хувийн нэр төрөөс илүү жинтэй болохыг ардчиллын төлөө тэмцэгчийнхээ хувьд ухамсарлан ойлгож, үлгэр дууриалал үзүүлэн, хэргийг Иргэний хуулийн зүйл заалтын дагуу шийдвэрлэнэ хэмээн найдаж байна.

Эрүүгийн хуулийн хатуу зүйл заалтыг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг ашиглах нь ардчилсан нийгмийн суурь зарчмын нэг хүний язгуур эрх, мөн хүн бүрийн хөгжих үндсэн нөхцөл болсон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах, иргэдэд айдас бий болгох, олон ургальч үзлийг хязгаарлах, шударга, эрүүл саруул нийгмийн хөгжилд чөдөр болдог.

2011 оны 3-р сард Нью Йорк хотноо болсон  НҮБ-ын Хүний эрхийн хорооны 101 дэх хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын хэрэгжилтийн тухай ээлжит илтгэлийг хэлэлцээд Хүний эрхийн хороо Монгол улсын Засгийн газарт хандан нэр төр, алдар хүндэд халдсан хэргийг эрүүгийн гэмт хэргээс халахыг зөвлөсөн билээ.

Глоб Интернэшнл Төв 1999 онд байгуулагдсан цагаасаа эхлэн сэтгүүлчдийн мэргэжлийн эрх, мэдээлэл, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эрхийг хамгаалах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.

 

Глоб Интернэшнл Төв
Чингэлтэй дүүрэг, 4-р хороо,
Дипломат 95 цогцолбор, 5-р орц, 57 тоот
Улаанбаатар-15141
Утас: 324764, 324627
И-мэйл: hnaran@globeinter.org.mn
              globenews@globeinter.org.mn
              globe@globeinter.org.mn,
http://www.globeinter.org.mn