“Спейшл майнз” ХХК-ий харуул хамгаалалтын ажилтнууд Баянхонгор аймгийн “Хонгор” телевизийн сэтгүүлч, зураглаач нарыг доромжлон, камерыг нь эвдэж, бичлэгийг нь устгажээ

Шуурхай мэдээ
2012 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр
Эх сурвалж: “Глоб Интернэшнл” ТББ

“Глоб Интернэшнл” ТББ болон Монголын Сэтгүүлчдийн Эвлэл Баянхонгор аймгийн “Хонгор” телевизийн сэтгүүлчдийн эрхэнд халдсан явдалд харамсаж, эрхийг нь хамгаалахаа мэдэгдэж байна.

2012 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр “Хонгор” телевизийн сэтгүүлч Т.Данаасүрэн, зураглаач Ж.Түвшинтулга нар “Спейшл майнз” ХХК хувиараа ашигт малтмал олборлогчдыг эрх мэдлээрээ дарангуйлж байгаа талаар иргэдийн мэдээллийн мөрөөр газар дээрээс нь сурвалжлахаар Баян-Овоо сумын нутаг “Цагаан цахир” хэмээх алтны үндсэн чулуун ордны газар очсон байна.

“Хонгор” телевизийнхэн тэнцвэртэй мэдээлэл хүргэх зорилгоор “Спейшл майнз” ХХК-ны холбогдох ажилтнуудаас тодруулга авахаар очиход харуул хамгаалалтын ажилтнууд нь хэл амаар доромжлон, бороохойгоороо чичилж, камерыг нь булаан гэрэл, чихэвчийг нь эвдэлжээ. Түүгээр зогсохгүй тэднийг хүйтэн гэрт хоёр цаг гаруй саатуулан, хэл амаар үргэлжлүүлэн доромжилж, камерт байсан бичлэгийг нь устгасан байна. 

“Глоб Интернэшнл” ТББ нь “Спейшл майнз” ХХК-ний хамгаалалтын ажилтнуудын үйлдлийг хэвлэлийн эрх чөлөө, олон нийтийн мэдээлэл авах эрхэнд халдсан төдийгүй Монгол улсын Эрүүгийн хуулийн “Өөрийн болон бусдын ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, эсхүл тараалгахгүй байхын тулд сэтгүүлчийн хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаанд саад хийсэн ...” гэсэн 139-р зүйлийг  зөрчсөн ноцтой үйлдэл гэж үзэж байна. 

Сэтгүүл зүйн үндсэн үйл ажиллагаа нь иргэдийн мэдээлэл олж авах, хайх, хүлээн авах, түгээх эрхэд үндэслэгддэг бөгөөд сэтгүүлч нь олон нийтийн өмнөөс нийгэмд шаардлагатай, олон нийтийн хүсэн хүлээж, шаардаж байгаа үнэн мэдээллийг цуглуулах, боловсруулах, түгээх  онцгой  үүрэгтэй юм.

“Глоб Интернэшнл” ТББ нь Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтэст сэтгүүлчдийн эрхэнд бүдүүлгээр халдсан, эд хөрөнгийг нь сүйтгэсэн явдлыг үнэн зөвөөр шалгаж, эрх зөрчигчдөд хуулийн дагуу хариуцлага тооцохыг сануулсан албан захидал явуулахаа мэдэгдэж байна.

“Глоб Интернэшнл” 1999 онд байгуулагдсан цагаасаа эхлэн сэтгүүлчдийн мэргэжлийн эрх, мэдээлэл, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эрхийг хамгаалах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. 

Глоб Интернэшнл ТББ
Чингэлтэй дүүрэг, 6-р хороо,
Дипломат 95 цогцолбор, 6-р орц, 70 тоот
Улаанбаатар хот
Утас: 324764, 324627
Факс: 315326
И-мэйл: hnaran@globeinter.org.mn
globenews@globeinter.org.mn
globe@globeinter.org.mn,
Цахим хуудас: www.globeinter.org.mn