Сонирхолдоо хөтлөгдөж хэл сурна

Англи хэлтэйсэн бол олон улсын сэтгүүлчдийн байгууллагаас зарласан уралдаанд бүтээлээ илгээж, барууны сэтгүүл зүйн бүтээлийг англи хэлээр уншиж танилцахсан гэсэн бодол сэтгүүлч танд орж ирж байсан байх. Тэгвэл хэл сурах хүсэлдээ хөтлөгдсөн хэн бүхэнд ахмад сэтгүүлч Г.Аким цаг үргэлж хэлээ давтахыг зөвлөсөн бол Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Англи-Америкийн уран зохиолын багш Д.Аюуш дараах зөвлөгөөг өгч байна.

Ямар зорилгоор гадаад хэл сурч байгаагаас шалтгаалан арга нь өөр өөр байдаг ажээ. Хэлийг өдөр бүр давтаж байж үр нөлөө нь гарна. Тухайлбал, тухайн хэл дээрх ном зохиолыг уншиж, киног нь үзэж, радио сонсох зэргээр хэл сурах бүхий л сувгийг ашиглах хэрэгтэй. Амьдралд төдийлөн хэрэглэдэггүй дүрэм цээжилж тэвчээрээ барах хэрэггүй. Vүний оронд сонирхсон ном зохиолоо унших нь илүү үр дүнтэйн дээр хэрэгтэй зүйлээ ч мэдэж авах давуу талтай. Одоо хэлний төвүүдэд ашиглаж байгаа ном, сурах бичиг нь хэлийг гүнзгийрүүлэн сурахыг хүсэгчдэд үр нөлөөтэй биш ажээ. Харин Бонк зэрэг хуучны уншууртай сурах бичгийг ашиглах нь илүү юм. Учир нь хэл сурна гэдэг хэдхэн асуултад хариулахын нэр биш бөгөөд бүрэн цогц санааг илэрхийлсэн эх бичвэртэй ажиллах хэрэгтэй гэнэ. Vүнээс гадна нэгэнт хэл сурахаар шийдсэн бол багшид найдахын оронд өөрөө идэвхтэй чармай. Vүний тулд алхам тутамдаа, цаг үргэлж сурч буй хэлээ давтаж байгтун гэж дээрх багш нар зөвлөлөө. Ингээд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн багш Д.Аюуштай ярилцсанаа толилуулья.

Гадаад хэлийг хурдан бөгөөд хялбар сурах ямар арга байдаг вэ?

Хэл сурахад тухайн хүний идэвх зүтгэл их чухал. Багш заасан ч хүүхэд өөрөө идэвх гаргахгүй бол үр дүнгүй. Гадаад хэлийг хурдан эзэмшинэ гэдэг зорилгоос ихээхэн хамаарна. Зарим хурал дээр тодорхой тооны үг эзэмшээд хэл хурдан сурна гэж ярьж байгаа. Vүнтэй огт санал нийлэхгүй байна. Магадгүй таксины жолооч болох гэж байгаа бол 20 үг цээжлэхэд хангалттай байж болох юм. Мэргэжлийн холбогдолтой ном унших хэмжээнд гадаад хэл эзэмшихийг хүсч байгаа бол хоёроос гурван мянган үг мэдэх шаардлагатай болно. Академик түвшинд хэл эзэмшихийг хүсвэл үүнээс ч олон мянган үг мэдэх хэрэгтэй.

Дөнгөж 20 настай хирнээ англи хэлийг маш өндөр түвшинд эзэмшсэн хүүхэд байна л даа. Энэ охин “Grammar in use” номыг гурваас дөрвөн удаа үзэж судлаад, англи хэлний тайлбар тольноос үгийг тайлбартай нь хамт бичсээр байгаад нэг мэдэхэд үгсийн сан нь нэмэгдээд, өгүүлбэрийн бүтэц нь гарт нь орсон байх жишээтэй. Vнэхээр ийм байх боломж бий юу?

Хүн болгон янз бүрийн авьяастай, Тиймээс ч хэл сурах арга барил харилцан адилгүй. Зарим нь уншиж, зарим нь цээжилж хэл сурдаг. Тэр охины хувьд “Grammar in use” ном их үр нөлөөтэй байж. Дасгалаа зөв хийсэн эсэхээ хариунаас харж болдог болохоор энэ ном олон хүнд таалагддаг.

Гэхдээ хүмүүс үүнээс өөр аргыг сонирхож байгаа байх?

Хэлийг орчинд нь сурвал үр нөлөөтэй. Бүхий л сувгаар тэр хэлийг хүртэж чихээ “онгойлгох” хэрэгтэй. Манайхан хэлийг их хуурайгаар сурдаг. Тухайн хэлийг гүнзгий сурахыг хүсвэл улс орных нь соёл, философи, хүмүүсийн амьдралын зарчим, ёс суртахууныг мэдэрч ойлгох хэрэгтэй. Монгол хэлийг сурахад хүртэл яруу найраг, түүх зэргийг мэдэхгүй бол энэ хэлийг сайн сурч чадахгүй шүү дээ. Тухайлбал, зөөгч болохыг хүссэн хүн талх, цай авья гэх зэргийг ойлгох хэмжээнд хэл сурахаас тухайн орны философи, соёл, уран зохиолыг судлах шаардлагагүй. Бүр сайн түвшинд хэл сурахыг хүсвэл энэ бүхэн их чухал. Манайхан голдуу дүрмийн ном судлаад тухайн хэлийг бүрэн эзэмшинэ гэж ташаа ойлгодог. Ихэнх сурах бичгүүдийн агуулга хүн гадаадад очоод онгоцны тасалбараа яаж авах вэ, хэрхэн зочид буудал хүрэх вэ, ажилд хэрхэн орох вэ, сургуулийн номын сан хаана байдгийг хүнээс лавлах зэрэг амиа аргацаах түвшинд л байгаа.

Хэл сурч байгаа монгол оюутнуудын дутагдалтай тал нь юу байдаг вэ?

Монгол оюутнууд багш хэлний мэдлэгийг олгоно гэж боддог. Ийм бодолтой байдаг болохоор тэд багш нарыг сайн, муу гэж ялгадаг. Сайн багшийн үүрэг их бий. Багш бол оюутнуудад үлгэр дууриалал болж, оюутнуудын хэл сурах хүслийг өдөөж өгдөг. Тухайлбал оюутнууд энэ багш шиг англиар чөлөөтэй ярих юмсан, ийм цэвэрхэн дууддаг болох юмсан гэхчилэн багшаас үлгэр дууриалал авдаг. Хэл сурахад 30 хувь нь багшаас хамаарна гэтэл монгол оюутнууд багшид найдаж, ийм муу багштай юм чинь хэл сурахаасаа өнгөрлөө гэхчилэн хэл сурах үүргээ бусдад тохдог. Сонирхолдоо хөтлөгдөн бүхий л сувгаар хэлээ сурч байх хэрэгтэй. Гэтэл багшийн төлөө сурч байгаа юм шиг ангид хичээлээ үзээд бусад үед хэлээ үзэлгүй орхидог. Ойлгосон ойлгоогүй FM радио сонсч алхам тутамд хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлж байх хэрэгтэй. Аяндаа уг хэлээ сайн ойлгож эхэлдэг. Гадаадын оюутнууд өглөөнөөс орой болтол тэр хэлээ үздэг, Номноос сурч мэдсэнээ зөв буруу эсэхээ багшаас асуудаг. Багш бол зөвхөн чиглүүлэх үүрэгтэй байдаг. Дуртай дуугаа орчуулах чинь хүртэл хэлний мэдлэгээ дээшлүүлж байгаа хэрэг шүү дээ.

Та ямар арга барилаар хэл эзэмшсэн бэ?

Миний хувьд маш өндөр түвшинд хэл сурах шаардлагатай байсан. Нэгд, их сургуулийн багш болох байсан, хоёрдугаарт уран зохиолын лекцээ англи хэлээр унших ёстой. Жишээ нь миний хувьд дөрвөн жил их сургуульд сурахдаа хэлний дүрмийг төдийлөн ач холбогдолтойд тооцож байгаагүй. Сургууль төгсөх үедээ л дүрмээ харж, бататгаад шалгалт өгч байсан. Гэтэл хэлний мэдлэгийн түвшин шалгах ТОEFL, IELTS гэх мэт шалгалт өгөхөд бүгдэд нь өндөр оноо авсан. Энэ шалгалтанд хэзээ ч тусгайлан бэлдэж байгаагүй. Уран зохиолын ном унших дуртай болохоор тэр хэлээр ном уншиж, кино үзэн, радио их сонсож байсан. Ийм маягаар сонирхолынхоо дагуу ном зохиол уншихад дүрмийг нь аяндаа эзэмшдэг. Аливаа хэлний дүрмийг амьдралд тэр болгон хэрэглэдэггүй. Тиймээс зарим хүмүүс байнга дүрэм үзээд ахицгүй санагдаж, хэл сурахгүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрдэг. Жишээ нь тухайн хүн сэтгүүл зүйн ном уншихдаа хэл сурна гэсэн зорилгоос илүү тухайн номонд байгаа мэдээллийг олж авах сонирхолдоо хөтлөгдөн аяндаа хэл сурах болно.

Мэргэжлийн хэл хэрхэн эзэмших тухай хэлж өгөөч?

Тухайн мэргэжлийн үг ердөө 3-5 мянган үгийн хооронд эргэлдэж байдаг. Тиймээс хэлний суурь мэдлэг сайн хүн бол үгсийн сангаа нэмэгдүүлэхэд л хангалттай. Монгол хэлээр санасан бодсоноо зөв, ойлгомжтой илэрхийлж чаддаг хүн гадаад хэлээр мөн тийм хэмжээнд өөрийн санаа бодлоо илэрхийлнэ.