Сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, сонгуулийн шударга байдал болон олон нийтийн манлайллын үүрэг
2023 оны 11-р сарын 2-3,
АУБ-ын төв байр, Вашингтон ДС, АНУ
Үзэл баримтлал
Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлж, сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэх аюулын тухай ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-ийг 2013 оноос хойш тэмдэглэж ирлээ. 2023 онд сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдрийг ЮНЕСКО, Америкийн Улсуудын Байгууллага АУБ), Америк дундын Хүний эрхийн комисс (АДХЭК) болон түүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний асуудлаарх Тусгай илтгэгчийн ажлын алба (RELE) хамтран АНУ-ын Вашингтон хот дахь АУБ-ын төв байранд тэмдэглэх гэж байна. Арваннэгдүгээр сарын 2, 3-нд Америк тивийн ордонд дэлхий нийтээр сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах, чадавхийг дээшлүүлэх сонирхолтой оролцогч олон талуудыг нэгтгэсэн цуврал хэлэлцүүлэг, ярилцлага болно.
Энэхүү тэмдэглэлт өдөр нь Олон улсын Засгийн газар хоорондын байгууллага (ОУХБ)-ын сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах "Зөөлөн тогшилт" ажлын хэсгийн хамтын ажиллагаанд тулгуурлан, сэтгүүлчдийн аюулгүй байдал, гэмт үйлдэл ял шийтгэлгүй байх асуудлаарх НҮБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд АУБ-ын АДХЭК-ын оруулж буй хувь нэмрийг бэхжүүлэхэд туслах болно.
Энэ нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх жрх чөлөөний эрхэд учирч буй янз бүрийн аюул заналхийллийн эсрэг механизмуудын уялдаа холбоотой хариу арга хэмжээг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд Америк дундын хүний эрхийн тогтолцоо нь Америк тив болон дэлхий даяар сэтгүүлчдэд тулгарч буй хүчирхийллийн нөхцөл байдалд анхаарал хандуулан хэлэлцэхээр уригдсан тусгай илтгэгч асан эрхмүүд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, Улсууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд зэрэг бүхий л оролцогч талуудад үүдээ нээж угтан авах болно.
Зохион байгуулагчид энэ боломжийг ашиглан үзэл бодлоо баиримтлах, илэрхийлэх эрх чөлөөг хөхиүлэн дэмжихийн тулд АУБ дотор болон НҮБ-ын гишүүн Улсуудын байгуулсан тусгай албадын ойг тэмдэглэх юм. АУБ-ын Тусгай илтгэгчдийн газар байгуулагдсаны 25 жил, НҮБ-ын тусгай процедур байгуулагдсаны 30 жил болж байна. Эдгээр алба нь ардчилсан тогтолцоог хөгжүүлэх, бэхжүүлэхэд үндсэн үүрэгтэй болох санаа бодол, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих зорилгоор 1997, 1993 онд тус тус байгуулагдсан билээ.
Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох нь сүүлийн үеийн хамгийн чухал бөгөөд цогц сорилтуудын нэг бөгөөд хүн бүрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл, санаагаа нээлттэй, чөлөөтэй, эрч хүчтэй солилцох эрхээ бүрэн эдлэхийг баталгаажуулахад суурь асуудал болж байна.
Үнэхээр ч сүүлийн жилүүдэд бүс нутгийн болон олон улсын байгууллагууд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг хүчирхийлэл нэмэгдэж буйд анхаарал хандуулж, мөн
түүнчлэн энэ үзэгдлийг авч үзэхийн тулд өргөн хүрээнд урьдчилан сэргийлэх, хамгаалах, шударга ёсны бодлогыг хөхиүлэн дэмжихийн төлөө, Улс орнуудын үүрэг амлалтаа заавал биелүүлэх хүчин чармайлтаа эрчимжүүлж байна. Тухайлбал, Сэтгүүлчдийн аюулгүй байдал, гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох НҮБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөг 2012 онд баталснаас хойш НҮБ-ын Ерөнхий Ассамблей, ЮНЕСКО-гийн Ерөнхий бага Хурал, Хүний эрхийн зөвлөлөөс 26 гаруй тогтоол батлан гаргажээ. Сэтгүүлчдийн аюулгүй байдлын асуудалд илүү анхаарал хандуулсан бусад эерэг өөрчлөлтүүд ч бүртгэгдсээр байна. НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын суурин төлөөлөгчийн газруудын сүлжээ, сангууд, хөтөлбөрүүдийн хүрээнд НҮБ-ын төвлөрсөн нэгжүүдийн ч бий болсон. Нью-Йорк хот дахь НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар, Парист байрлах ЮНЕСКО, Женев хот дахь Хүний эрхийн дээд комиссарын газар, Вена дахь Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Страсбург дахь Европын Зөвлөл, Вашингтон дахь АУБ-ын бүрэлдэхүүнтэй “Нөхөрлөл”-ийн зургаан бүлэг сэтгүүлчдийн аюулгүй байдлын чиглэлээр ажиллаж буй. Түүнчлэн 50 гаруй улсыг хамарсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эвсэл, Сэтгүүлчдийн аюулгүй байдлын төлөө олон улсын иргэний нийгмийн эвсэл, Сэтгүүл зүйн аюулгүй байдлын судалгааны сүлжээ байгуулагдсан юм. Эдгээр эерэг өөрчлөлтүүдийн зэрэгцээ сэтгүүлчид, ялангуяа эмэгтэй сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл ихэссээр байгаа бөгөөд гэмт үйлдэл ял шийтгэлгүй, чимээгүй үлдэж буйн хэмжээ дэлхийн хэд хэдэн бүс нутагт улам бүр нэмэгдсээр байгаад санаа зовниж байна.
ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын “Сэтгүүлчдийн аюулгүй байдал, гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэхийн аюулын тухай” 2022 оны тайланд дурдсанаар Латин Америк, Карибын тэнгисийн орнууд хамгийн олон сэтгүүлчийн амь насыг хөнөөсөн бүс нутаг хэвээр байна. Энэ асуудлаар ЮНЕСКО-гийн мониторингийн 2023 оны 7-р сарын тоо баримтаас харахад, 2022-2023 онд Латин Америк болон Карибын тэнгисийн 10 орны 69 сэтгүүлч алагджээ.
Төрийн болон бусад байгууллагуудын хэвлэлийн эсрэг хүчирхийлэл нь зөвхөн бие махбодийн төдийгүй хууль эрх зүйн, цахим, сэтгэл зүйн, практик үр дагавартай байна. Сэтгүүлчдийн аллага нь хэвлэл мэдээллийн цагдан хяналтын хамгийн туйлширсан хэлбэр болохыэ хажуугаар сэтгүүлчид бие махбодын халдлага, шоронд хоригдох, онлайн айлган сүрдүүлэг, заналхийлэлд, өртөх хулгайлагдах, тагнан туршилт, төрийн албан тушаалтнууд, нийгмийн алдартнуудын зүгээс гэмт хэрэгт буруутгах, сүр бадруулан шившиглэх зэрэг олон тооны заналхийлэлд өртдөг. Сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэлийн заналхийлэл, халдлага нь мэргэжлийнхэн төдийгүй нийгэмд бүхэлд нь гашуун үр нөлөө үзүүлж, өөрийн цагдан хянатад хүргэдэг бөгөөд үүнээс зөвхөн “төрөөс олон улсын болон дотоодын хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн дагуу буруутай этгээдүүдэд хариуцлага, шийтгэл хүлээлгэх шийдвэртэй арга хэмжээ авах замаар” л зайлсхийх боломжтой.
Иймээс сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдсэн тохиолдолд олон улсын хүний эрхийн хуулийн дагуу урьдчилан сэргийлэх, хамгаалах, шударга ёсыг хангах эерэг үүргээ биелүүлэхийг Улсуудаас шаарддаг. Урьдчилан сэргийлэх үүргийн тухайд төрийн байгууллагууд сэтгүүлчдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хувь нэмэр оруулахуйц яриа өрнүүлэх, мөн нөгөө талаас сэтгүүлчдийн ажил үйлсэд учрах эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй хүчтэй мэдэгдэл гаргахгүй байх нь чухал. Ингэснээр сэтгүүлчдийн бэлтгэн түгээсэн мэдээлэл нь төрийн ашиг сонирхолд нийцэхгүй, шүүмжлэлтэй, таагүй байсан ч сэтгүүлчийн хөдөлмөрийн хууль ёсны байдал, үнэт зүйлсийг тууштай, тодорхой, нийтээрээ албан ёсоор хүлээн зөвшөөрч буйг илтгэнэ.
Сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, төрийн албан хаагчдын зүгээс сэтгүүлчдийг буруутган зэмлэх явдал ялангуяа сонгуулийн үйл явцын үеэр эрчимждэг. Энэ тохиолдолд хэвлэлийн үүргийг бие даасан ажиглагч байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний нийгмийн хэмжүүрийг хэрэгжүүлэх хэрэгсэл болохын хувьд хүлээн зөвшөөрөхийг Улсуудад уриалж байна. Сэтгүүлчид нэр дэвшигчид, сонгуулийн үйл явц, аюулгүй байдлын асуудлуудын талаар баталгаатай баримтад тулгуурласан мэдээ сурвалжлага бэлтгэхээс гадна хойшлуулашгүй болон олон нийтийн анхаарлыг татсан асуудлын талаарх мэдээллийг тодруулж түгээдэг. Ингэснээр тэд сонгогчдыг хангалттай мэдээлэлтэй, шийдвэр гаргах янз бүрийн шалгууртай болоход хувь нэмрээ оруулдаг. Тусгай илтгэгчдийн 2009 оны Хамтарсан тунхаглалд “сонгогчид зохистой мэдээлэлтэй, олон ургальч, хангалттай мэдээлэл хүртээмжтэй байж гэмээнэ чөлөөт, ил тод сонгууль явагдана” гэж онцлон тэмдэглэсэн.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 2019 онд “Сэтгүүл зүй ба хуурамч мэдээллийн үеийн сонгууль” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлсэн үйл ажиллагааны үр дүн болох ЮНЕСКО-гийн Аддис Абабагийн тунхаглалд “Олон нийтийн мэдээлэлтэй байх эрхийг хүндэтгэх, хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг тэлэх, ялангуяа эмэгтэй сэтгүүлчид, түүнчлэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний эрхээ эдэлж буй бусад хүмүүст учирч болзошгүй заналхийллийг ухамсарлан сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах нь сонгуулийн өнөөгийн сорилтуудад анхаарах гол түлхүүр юм." гэж заасан.
Гэсэн хэдий ч сэтгүүл зүйн мэдээ сурвалжлага, олон нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар мэдээлэл түгээхэд саад учруулах, сэтгүүлчдийг доромжилсон агуулга бүхий олон тооны цахим хэвлэн нийтлэл, тэднийг гүжирдсэн аянууд, түүнчлэн бие махбодын болон хэл амаар халдлага үйлдэх зэрэг саад тотгор тулгарсаар байгааг янз бүрийн мэргэжлийн байгууллагууд мэдээлсээр байна. Энэ нь олон нийтийн мэтгэлцээн хийхэд төвөг учруулах, сонгуулийн шударга байдалд сөргөөр нөлөө үзүүлж байна. ЮНЕСКО-гоос сонгуулийн үеэр сэтгүүлчдийн эсрэг үйлдэгдсэн хүчирхийллийн талаарх товч мэдээллийг 2023 оны 11-р сард гаргах болно. Сонгуулийн үеэр сэтгүүлчдийн эсрэг халдлагын дийлэнх хувийг хууль сахиулах байгууллагынхан үйлддэг нь уг судалгаанаас харагдаж байна. Сүүлийн гурван жилд ийм төрлийн зөрчил халдлага хэдэн зуугаар гарчээ. Эмэгтэй сэтгүүлчдийн хувьд олон нийтийн сүлжээгээр заналхийлэл, халдлагад өртөх нь илүү бөгөөд улс төрийн сэдвээр мэдээ сурвалжлага бэлтгэх үед нь бүр илүү хурцаддаг. ЮНЕСКО-гийн уг судалгаанаас үзвэл, сонгуулийн үеэр халдлагад өртсөн сэтгүүлчдийн 29 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
Сэтгүүлчдийн амь насыг хөнөөсөн гэмт хэргийн 86 орчим хувьд гэмт этгээд ял шийтгэлгүй үлдэж байгаа нь сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, заналхийлэл, халдлагын хэргүүдийн ихэнхийг сайтар мөрдөн шалгадаггүй болохыг харуулж байна. Гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж байгаа ийм өндөр түвшин түгшүүртэй тул Улсууд эдгээр гэмт хэргийг бүрэн гүйцэт, үр дүнтэй, шударгаар мөрдөн шалгаж, сэдлийг тодруулж, тэдний харилцан холбоог шүүхээр тогтоох ёстой гэдгийг сануулж байна. Үүнд сэтгүүлчдийн эсрэг хүчирхийллийн бүх заналхийллийг зохистой шийдвэрлэх чадвартай, бие даасан шүүхийн тогтолцоо, прокурор, омбудсмены албад зайлшгүй шаардлагатай.
Хариуцагчдыг мөрдөн байцаах, яллах, баривчлах хязгаарлагдмал байдал нь илүү олон аллагад хүргэнэ. “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-ийг тэмдэглэх нь ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн эр зориг, мэргэжилдээ үнэнч сэтгэлийг хүндэтгэх; мөн хэвлэл мэдээллийг хүчирхийллээс ангид орчинд ажил үүргээ чөлөөтэй, хараат бусаар, аюулгүй явуулахад шаардлагатай нөхцлийг бүрдүүлэхийн төлөө Улсууд болон бусад талууд бүхий л хүч бололцоогоо дайчлахын ач холбогдлыг дахин нотлох уриалга юм.
Түүнчлэн энэ нь 81 улс орон, тэр дундаа дэлхийн хамгийн том ардчилсан орнуудад үндэсний болон бүс нутгийн сонгуульд саналаа өгөх гэж байгаа сонгуулийн үеэр сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах асуудлыг хэлэлцэхэд онцгой анхаарал хандуулах чухал ач холбогдолтой. 2024 онд нийт 2,6 тэрбум орчим хүн сонгуульд санал өгнө.
Зорилт
2023 оны “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” нь сэтгүүлчид болон харилцаа холбооны ажилтнуудын мэргэжлээрээ ажиллах явцад тулгардаг гол бэрхшээлүүд, тэдний эсрэг хүчирхийлэл, хэлмэгдүүлэлт ялангуяа Латин Америк, Карибын тэнгисийн бүс нутагт улам нэмэгдэж өнөөгийн байдлаар хамгийн олон сэтгүүлчийн амь насанд халдсан талаар олон нийт болон олон улсын түвшинд мэдлэг ойлголтыг дээшлүүлэхийг зорино.
Мөн нийгмийн эсэргүүцлийг сурвалжлах хүрээнд хэвлэл мэдээллийн эсрэг халдлага, хязгаарлалтууд, олон нийтийн ашиг сонирхол бүхий асуудлаарх сэтгүүл зүйн ажилтай холбоотой шалтгаанаар шүүх механизмыг сэтгүүлчдийн эсрэг идэвхжүүлэх; бүс нутгийн зарим улс оронд албадан цөллөг нь хэлмэгдүүлэлтийн гол хувилбаруудын нэг болж байгаа талаар онцолж, сэрэмжлүүлэхийг эрмэлзэнэ. Дээр дурдсанчлан, төрийн албан хаагчид, удирдагчдын зүгээс хэвлэлийг байнга муучлах, үнэмлэмжийг бууруулж буй нь ч үүнд хамаарна. Иймд олон нийтийн хэлэлцүүлэг, тусгай үүрэг хариуцлагад нь үндэслэн, тэдний үүргийг тодорхой тусгахыг зорино.
Энэ удаагийн “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” нь сонгуулийн үеэр сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг хүчирхийллийн нөхцөл байдлыг онцлон тэмдэглэх юм. Энэ утгаар үл хүлцэл, ялгаварлан гадуурхалт , зориуд төлөвлөсөн хуурамч мэдээллээс урьдчилан сэргийлэх, сөрөн тэмцэх, ийм нөхцөлд өрнөж буй маргаан мэтгэлцээнд Улсуудын хүсэл зориг болон холбогдох бусад оролцогчдын, үүрэг хариуцлагыг дахин нотлохыг хичээх болно. Сонгууль, ардчилсан тогтолцооны шударга байдлыг хангахад аюулгүй, чөлөөт хэвлэл ямар үүрэгтэйг тодруулан харуулах зорилготой. Эцэст нь, хуралдаанууд нь хараат бус хэвлэл мэдээллийг хамгаалах үр дүнтэй арга хэмжээ авах, хүчирхийлэл болон гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэхтэй тэмцэх институцийн тогтолцоог бэхжүүлэх, хэвлэл мэдээллийн хараат бус, тогтвортой байдал, олон талт байдлыг хөхиүлэн дэмжих талаар Улсуудын үүрэг амлалтыг гүнзгийрүүлэх болно.