"Цахим орчинд мэдэх эрхийг хангах нь" хэлэлцүүлэг боллоо

Глоб Интернэшнл төв, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Авлигатай тэмцэх газар хамтран Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөрт зориулан “Цахим орчинд мэдэх эрхийг хангах нь" хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) нь Ерөнхий Ассамблейн 74-р чуулганаар мэдээлэл олж авах эрхийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, 2019 оны 10 дугаар сард НҮБ-ын түвшинд албан ёсоор жил бүрийн 9 дүгээр сарын 28-ны өдрийг Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр болгон тунхагласан юм. Үүнтэй холбогдуулан Глоб Интернэшнл төв, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс 2016 оноос эхлэн үндэсний хэмжээний үйл ажиллагаа зохион байгуулж тус өдрийг тэмдэглэж байна.


Цахим орчноос мэдээлэл олж авах нь иргэдийн бусад эрхээ эдлэх гол цөм болдог. Энэ нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд зайлшгүй шаардлагатайгаас гадна дижитал технологи хөгжиж буй өнөө цаг үед боловсрол эзэмших, эвлэлдэн нэгдэх, нийгэм, соёл, улс төрд оролцох, эрүүл мэндээ хамгаалах, амьжиргааны хангалттай түвшинд хүрэх, ажиллах, хөгжих эрхээ хэрэгжүүлэх гол хэрэгсэл юм.

Энэ жилийн тухайд “Мэдээллийн хүртээмжийн онлайн орон зайн ач холбогдол” сэдвийг онцгойлон авч үзэж байна. Хэлэлцүүлгийн үеэр “Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр /2023-2030 он/-ийн 2.5 дахь зорилт ба цахим мэдээллийн ил тод байдал”, “Нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журам”-ын хэрэгжилт ба нийтийн мэдээллийн ил тод байдал”, “Иргэдийн цахим ур чадвар-Мэдээллийн боловсрол”, “Иргэдийн мэдэх эрх хангагдаж байна уу?” сэдвийн хүрээнд холбогдох төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд илтгэл танилцууллаа. 


Хэлэлцүүлэгт төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, судлаачдын төлөөллийн 40 гаруй оролцогчид хамрагдах бөгөөд “Цахим орчинд мэдэх эрхийг хангах асуудлаарх Гарц ба Шийдлийг хэлэлцэв.

Хэлэлуүүлгийн үеэрх илтгэлийг доорх холбоосоор үзнэ үү. 

 “Иргэдийн мэдэх эрх хангагдаж байна уу?” 

“Иргэдийн цахим ур чадвар-Мэдээллийн боловсрол”

“Нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журам”