“Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр (IDEI)-ийг тохиолдуулан 2022 оны 11 сарын 2-ны өдөр "ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙГ ХАМГААЛЖ АРДЧИЛЛЫГ ДЭМЖЬЕ" хурлыг Нээлттэй Нийгэм форумын хурлын танхимд Глоб Интернэшнл төв ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форумтай хамтран зохион байгууллаа.
Уулзалтыг нээж Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз нээлтийг үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ “Ардчилсан улс оронд сэтгүүлчдийн үйл ажиллагаа үндсэн үүрэг гүйцэтгэдэг. Тэдний өгсөн мэдээлэл сонгууль, эрүүл мэнд зэрэг мэдээлэл аль нь бай бидний харах өнцөгт нөлөөлж байдаг чухал ач холбогдолтой. Чөлөөт, хараат бус хэвлэл нь эрх баригчдад эгэх хариуцлага тооцох, иргэдийн эрхийг хамгаалах, мэдээллээр хангагдсан байх боломжийг олгодог” хэмээн сэтгүүлчдийн ажил үүргийн ач холбогдлыг онцолсон юм.
Мөн ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан, ЮНЕСКО-ийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны дарга, Глоб Интернэшнл төвийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал үг хэлэв.
Хурлын үеэр ХЭҮК-ийн гишүүн Д.Сүнжид "Үзэл бодлоо илэрхийлэх эрх ба эрхийг хязгаарлах шалгуур", ЦЕГ-ийн Хэвлэл, мэдээллийн төвийн чиглэлийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Д.Оюун "Эрүүгийн хуулийн 14.3 үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, эрх чөлөөнд саад учруулах гэмт хэргийн тухай", Сэтгүүлчдийн аюулгүй байдлын судалгааны үр дүнг Глоб Интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэн тус тус танилцуулав.
Мөн "Сэтгүүлчдийн аюулгүй байдал ба үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах эрх чөлөө" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж тулгамдаж буй асуудал шийдлийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийг Ийгл Ньюс телевизийн сэтгүүлч Г.Балжинням чиглүүлж, оролцогчоор ГХЯ-ны Хүний Эрхийн хэлтсийн дарга Ц.Навчаа, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, ХЭҮК-ийн гишүүн Д.Сүнжид нар оролцлоо. Хэлэлцүүлгийн төгсгөлд цаашид хэвлэл мэдээллийн хөгжлийг дэмжих чиглэлээр ажилладаг байгууллага, оролцогч талууд хамтран дараа дараагийн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, цаашид хэлэлцэх асуудал шийдлийг хамтран нэг зорилготойгоор ажиллах нь илүү үр дүнтэй гэсэн санаачлагад хүрлээ.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз нээлтийг үг
Глоб Интернэшнл төвийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал Тулга үг
Цагдаагийн хошууч Д.Оюун "Эрүүгийн хуулийн 14.3 үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, эрх чөлөөнд саад учруулах гэмт хэргийн тухай"
ХЭҮК-ийн гишүүн Д.Сүнжид "Үзэл бодлоо илэрхийлэх эрх ба эрхийг хязгаарлах шалгуур"
Глоб Интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэн Сэтгүүлчдийн аюулгүй байдлын судалгааны үр дүн