Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буй олон улсын өдрийн тулга үг- 2022

Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буй олон улсын өдөр-т зориулсан Тулга үг- 2022

 

Глоб Итернэшнл Төвийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал:  


Бид өнөөдөр “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдрийг найм дахь жилдээ тэмдэглэж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2013 оны 12 сарын 18-ны өдрийн 68/163 тоот тогтоолоор жил бүрийн 11-р  сарын 2-ны өдрийг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” болгохыг шийдвэрлэсэн билээ. ЮНЕСКО-гийн бүртгэлээс харахад, 2022 оны гарсаар 30 сэтгүүлч амь насаа алджээ. Сэтгүүлчдийн эсрэг 10 гэмт үйлдлийн зөвхөн нэгд л буруутай этгээд шийтгэл хүлээж байна.

2012 оны 4 сарын 13-нд Сэтгүүлчдийн аюулгүй байдал ба сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох НҮБ-ын Үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдсан. Энэ төлөвлөгөөний гол зорилго нь иргэдийн мэдээлэлтэй байх, нийгмийн асуудалд идэвхтэй оролцох боломжоор хангагч үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулахад орших ба энэ зорилгод хүрэх хоёр замаа нэгд, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхийг дэмжигч механизмыг ашиглан аюул заналыг бууруулахад оролцогч бүх талын хооронд түншлэл бий болгох. Хоёрт, үүнийг хэрэгжүүлэхэд Засгийн газруудад дэмжлэг  үзүүлэх хэмээн тодорхойлсон юм. НҮБ-ын Үйл ажиллагааны энэ төлөвлгөө нь цогц зорилт, зарчим, үйлдэл бөгөөд НҮБ ын байгууллагууд, Загийн газар хоорондын байгууллагууд, ИНБ-ууд, мэргэжлийн эвлэл холбоод, ЮНЕСКО-гийн гишүүн орнууд хамтран боловсруулсан билээ.



Төлөвлөгөөнд сэтгүүлчдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарласнаас үүдэн гарах үр дагаврын талаар иргэдийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, Засгийн газруудад сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах, тэдний эсрэг үйлдсэн хэргийг ял шийтгэлгүй үлдээхтэй тэмцэхэд чиглэсэн хууль тогтоомж боловсруулан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сэтгүүлчдэд сургалт явуулах, зөрчилдөөнт бүс дэх сэтгүүлчдийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, гишүүн улс орнууд, сэтгүүлчид, ХМ-ийн өмчлөгчид, бодлого боловсруулагчдын анхаарлыг асуудалд хандуулах, сэтгүүлчид, тэр дундаа чөлөөт сэтгүүлчдийн ажиллах нөхцлийг дэмжих зэрэг үйл ажиллагааг тусгасан юм.

Төлөвлөгөөний амжилттай хэрэгжилт нь бүх талын оролцооноос  бүрэн шалтгаалах бөгөөд төлөвлөгөө хэрэгжүүлэхэд Засгийн газрууд, ТББ-ууд, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээлэл, дэлхийн, бүс нутгийн, орон нутгийн түвшинд ажилладаг бусад оролцогч талын үүрэг чухал.  

Энэ жил НҮБ-ын Үйл ажиллагааны төлөвлөгөөний 10 жилийг тэмдэглэхээр маргааш, нөгөөдөр буюу 11-р сарын 3-4-ний өдрүүдэд Австрийн Вена хотноо “Сэтгүүлчдийн аюулгүй байдал:Ардчиллыг хамгаалахын тулд хэвлэл мэдээллийг хамгаалах нь” сэдэв дор өндөр түвшиний олон улсын олон талт оролцогчдын бага хурал зохион байгуулагдана. НҮБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг ирэх арван жилд бататгахын тулд шинэ эрч хүч нэмэх, олон талын оролцогчдын түншлэлийг бэхжүүлэх, эвсэл байгуулах гол зорилтыг дэвшүүлэх нь энэ бага хурлын гол зорилт юм.  Түүнчлэн тогтвортой хөгжилд хүрэх, сайн ардчиллыг бэрхжүүлэх , хууль дээдлэх, хүний эрхийг хүндэтгэхэд сэтгүүлчдийн аюулгүй байдлын стратеги ач холбогдлын талаар   өргөн хүрээнд олон нийт,олон улсын хамтын нийгэмлэгийн  мэдлэг ойлголтыг дээшлүүлэх нь бага хурлын бас нэг чухал зорилт юм.


НҮБ-ын 2013 оны 68/163 тоот тогтоолоор гишүүн орнууддаа хандаж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг үйлдэгдсэн бүх хэлбэрийн хүчирхийллийн сэжиг бүхий хэргийг  үр дүнтэй мөрдөн шалгах,  эдгээр төрлийн гэмт хэрэг үйлдэгчдэд хариуцлага хүлээлгэх талаар боломжтой бүхнээ хийхийг шаардсан. Мөн гишүүн орнууддаа хандаж, сэтгүүлчдэд халдсан хэргийг хянан шинжилж, мэдээлэх, халдлагын хэргийг нийтээр буруушаах, эдгээр төрлийн халдлагыг мөрдөн шалгаж, шийтгэл ногдуулахад шаардлагатай нөөц бололцоог зориулах замаар сэтгүүлчдэд ажил үүргээ бие даан, хөндлөнгийн оролцоогүйгээр гүйцэтгэхэд нь аюулгүй, таатай орчин бүрдүүлэхийг уриалсан.

2013 оны 4-р сард ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөл 191 дэх чуулганаараа ЮНЕСКО-гийн Сэтгүүлчдпийн аюулгүй байдал, тэдний эсрэг үйлдэж буй гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох Ажлын төлөвлөгөөг баталсан ба үүнтэй уялдуулан  “Сэтгүүлчдийн аюулгүй байдлын шалгуур үзүүлэлт”-ийг баталсан билээ.  Шалгуур үзүүлэлтийг 2015 оны 7-р сарын 28-нд шинэчилж, дэлхийн хэмжээний ба үндэсний хэмжээний болгосон ба энэ нь таван үндсэн, 18 дэд шалгуур үзүүлэлтээс бүрдэнэ. 

Шалгуур үзүүлэлт нь сэтгүүлчдийн аюулгүй байдалд шууд үр нөлөө үзүүлдэг гол тоглогчдыг хамарсан, доорхи дөрвөн ангилалтай. Үүнд:

  • Төр засаг, улс төрийн тоглогчид
  • Иргэний нийгэм, боловсролын байгууллага
  • Хэвлэл мэдээлэл, зуучлагч
  • НҮБ, засгийн газар хоорондын бусад байгууллага

Сэтгүүлчдийн аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтийг ашиглан 2019 онд Глоб Интернэшнл Төв, Монголын Хэвлэл мэдээллин зөвлөл, Монголын Хуульчдын Холбоо хамтран үнэлгээ хийсэн билээ. Тайланд дурдсанаар монголын 5 сэтгүүлч тутмын нэгийг түлхэх, цохих зэргээр хөнгөн ба хүнд гэмтэл учруулж байсан. Нэг сэтгүүлч дунджаар гурван удаа ажил үүргээ гүйцэтгэж яваад ийм нөхцөлд байдалд орсон. Түүнээс гадна ажлын багаж хэрэгсэлд халдах, нийтлэл нэврүүлгийг хориглосон, хориглохоор завдсан, редакцын цагдан хяналт, дарамт шахалттай тулгардаг болохыг тогтоосон билээ. 

 Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.8.2 дахь хэсэгт “ Эрэн сурвалжлах замаар авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар мэдээлсэн сэтгүүлчийг аливаа дарамт, шахалтаас хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох, сэтгүүлчийг мэргэжлийн үйл ажиллагааных нь улмаас эрүүгийн хариуцлагад татах явдлыг өөрчилж, аюулгүй байдлыг хангах зохицуулалтыг бий болгох”-оор заасан байна.

Харамсалтай нь, Монгол Улс нь эрх зүйн орчноороо сэтгүүлчдийг хамгаалах дорвитой ажил хийсэнгүй. Харин ч эрэн сурвалжлах сэтгүүл зүйн ажлыг хийхэд олон хууль, тогтоомжоор хориглох байдал түгээмэл байна. Нөгөө талаас, Эрүүгийн хуулийн 14.3 дугаар зүйл Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдахыг гэмт хэрэгт тооцох болсон ч энэ гэмт хэргийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэн нэгэн этгээдэд хариуцлага оногдуулсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аас 2021.04.02-ны өдөр баталж, тус оны долоодугаар сарын нэгний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхлээд байна. Сэтгүүлчид хүний эрхийг хамгаалахад тэргүүн эгнээнд ажилладаг.

 Гэвч тус хуулийн хэрэгжилт хангалтгүй. Нөгөөтэйгүүр, сэтгүүлчдийн энэ хуулийн тухай мэдэлг сул учир ашиглаж чадахгүй байна.  Мөн түүнчлэн, тус хуулийн 8.1.3 дахь заалт “хүний эрх, эрх чөлөө, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах”-ыг хүний эрх хамгаалагчид хориглох зүйл болгон хуульчилснаараа илүүц хязгаарлалтыг бий болгожээ. 

Сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсных нь төлөө шүүх, цагдаад дуудах үзэгдэл түгээмэл байна. Ялангуяа сонгуулийн жилд гомдол, нэхэмжлэлийн тоо огцом өсдөг. Иргэн, эрүүгийн журмаар гомдол, нэхэмжлэлээ давхар өгдөгөөс сэтгүүлчдийг хуулиар далайлган залхаан цээрлүүлэх жишиг тогтжээ.

2015 оны 5-р сард болсон Хүний эрхийн төлөв байдлын хэлэлцүүүлэг буюу UPR-н 22-р чуулганаар үзэл бодлоо илэрхийлэх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих чиглэлээр өгсөн  зөвлөмжид “Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, иргэний нийгмийн зүтгэлтнүүд “шийтгүүлнэ” гэх аливаа айдасгүйгээр үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх боломжийг олон улсын хэмжээний дагуу хангах”, “Төрийн болон орон нутгийн эрх бүхий байгууллагын үйл ажиллагааг сурвалжилсан, шүүмжилсний улмаас мөрдөн хавчигдах, дарамт шахалтаас хамгаалах нөхцөл бүрдүүлэх” гэсэн юм. МУ-ын Засгийн газар зөвлөмжийг хүлээн авсан ба 2016.4.27-нд үйл ажиллагааны  төлөвлөгөө баталсан ч харамсалтай нь, дээрх зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх талаар Засгийн газар дорвитой алхам хийсэнгүй гурав дахь хэлэлцүүлэгтэй золгосон юм.

2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн 36 дахь чуулганаар Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг гурав дахь удаагаа дүгнэн хэлэлцсэн билээ. Тус чуулганаар Хүний эрхийн зөвлөлөөс Монгол улсад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх талаар дараахь зөвлөмжийг өгсөн юм. Үүнд:

  • Гүтгэх үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх арга хэмжээ авах зэрэг замаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан болон иргэний нийгмийн идэвхтнүүд ямарваа шийтгэл хүлээхээс айж эмээх зүйлгүйгээр үйл ажиллагаагаа олон улсын стандартын дагуу чөлөөтэй явуулах нөхцөлийг хангах, зөрчлийн тухай хуулийн 6.21 дэх заалтыг хүчингүй болгох замаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах,
  • Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг үйлдсэн халдлагыг хараат бусаар мөрдөн шалгах нөхцөлийг баталгаажуулж, гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд шийтгэл хүлээлгэх,
  • Хүний эрхийг хамгаалагчид, иргэний нийгмийн байгууллагуудыг заналхийлэх, айлган сүрдүүлэх, дарамтлахаас хамгаалсан хууль тогтоомж баталж, хэрэгжүүлэх, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг үйлдсэн халдлагын хэргийг мөрдөн шалгах, буруутай этгээдэд хариуцлага оногдуулах 
  • Шүүхийн шударга, ил тод байдлыг хангах, эрүүдэн шүүхэд оролцсон этгээдэд хариуцлага оногдуулах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон интернетийн хэрэглээнд тогтоосон хязгаарлалтыг цуцлах талаар шаардлагатай хүчин чармайлт гаргах.

Эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэхэд улс төрийн хүсэл зориг юу юунаас чухал. манай Засгийн газар Монгол Улс НҮБ-ын Үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулах бүрэн боломжтой. Хүн төрөлхтөн 2050 он хүртэлх ТХ3-уудаа биелүүлэхээр хичээл зүтгэлээ зориулж буй энэ цаг үед ТХ-ийн 16.10 дахь зорилтыг хэрэгжүүлэхэд   манай улс илүү хүчин чармайлт гаргана гэдэгт найпаж байна. Үүний тулд Засгийн газар хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж буй ТББ-ууд, сэтгүүл зүйн боловсролын байгууллага, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэн  сэтгүүлчдийг хамгаалах, тэдний аюулгүй байдлыг хангахын тулд сэтгүүлчдэд, мөн хууль сахиулах байгууллага, шүүгчдэд сургалт, хэлэлцүүлэг явуулах, хооронлын уялдаа холбоог  бэхжүүлэх, гадаадын сайн туршлагаас суралцах зэргээр хамтран ажиллахыг хөхиүлэн дэмжиж, Үндсэн Хуулийн 10-т зааснаар олон улсын хамтын нөхөрлөлийн өмнө хариуцсан үүргээ ёс төртэй биелүүлэх нь чухал юм. 

 Та бүхэнд амжилт хүсье!