“Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” сэдэвт хэлэлцүүлгээр Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн байдлыг хэлэлцлээ

Глоб Интернэшнл төв (ГИТ) ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисстой хамтран, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр буюу 5 дугаар сарын 3-ны өдрийн 11:00–13:00 цагт Нээлттэй Нийгэм Форум (ННФ)-ын хурлын танхимд зохион байгуулав. 

Хэлэлцүүлэгт НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Европын Холбооний Төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, АНУ-ын Элчин сайдын яам, Франц-Монголын төв, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн, Азийн Сан зэрэг олон улсын байгууллагын, Монгол Улсын дээд шүүх, Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв зэрэг төрийн байгууллагуудын, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Нээлттэй Нийгэм Форум, Монголын Эмнести зэрэг иргэний нийгмийн байгууллагуудын, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Монгол Улс (МУ)-ын Боловсролын ухааны их сургууль, Соёл урлагийн их сургууль, Радио телевизийн дээд сургууль,  CITI дээд сургууль, Улаанбаатар-Эрдэм дээд сургууль зэрэг сэтгүүл зүйн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын төлөөлөл, Eagle, TV9, NTV, MNB, UBS, Mongol TV, TV8,  TV7 болон gogo.mn, dens.mn, news.mn, npa.mn, time.mn, montsame зэрэг уламжлалт болон цахим хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, нийт 63 хүн оролцов.  

Глоб Интернэшнл төвийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал хэлэлцүүлгийн нээж хэлсэн үгэндээ “МУ-д 1993 оноос хойш Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж байна. Монголын Чөлөөт Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл анх энэ өдрийг тэмдэглэж эхэлснийг дурдахад таатай байна. 2021 онд сэтгүүл зүй, сэтгүүлчдийн хувьд тохиосон эерэг үйл явдал бол хоёр сэтгүүлч Нобелийн Энх тайвны шагналыг хүртсэн явдал юм. 2022 оны Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагаас гаргасан индексээр Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөрөө дэлхийн 180 орноос 90 дүгээр байранд орж  өнгөрсөн жилийн үзүүлэлтээс 22 байраар ухарсан харамсалтай мэдээ байна. Энэ нь бид бүхнийг цаашид илүү сайн ажиллахыг сануулж байна” гээд, “2022 оны Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг дэлхий нийтэд болон МУ-д цахим эрин үеийн нөлөө сэтгүүл зүйд хэрхэн нөлөөлж байгаад анхаарлаа хандуулж, үүн дотроо “Цахим дайралт”, “Ил тод байдал олон нийтийн сайн сайхны төлөө байх нь”, “Хэвлэл мэдээллийн оршин тогтнохуй ба олон нийтийн итгэл” гэсэн гурван сэдвийг онцолж байна. Манай байгууллагаас хот, хөдөөгийн 233 сэтгүүлчдийн дунд явуулсан сэтгүүлчдийн аюулгүй байдлын судалгаанаас харахад, энэ асуудал манайд бас хурцаар тавигдаж байна” гэв. Үүний дараа, хэлэлцүүлэгт уригдан ирсэн хүндэт төлөөлөгчид болон оролцогчид Украинд амь насаа алдсан сэтгүүлчдэд нэг минутын хүндэтгэл үзүүлэв. 

Монгол Улс дахь НҮБ-ын Суурин Зохицуулагч Тапан Мишра тус үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Засгийн газар чөлөөт, хараат бус, олон талт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэний орон зайг хөхиүлэн дэмжихийн тулд бололцоотой бүхнийг хийх үүргээ биелүүлэхийг эрх баригчдад хандан” дахин уриалаад, “Үүнд, цахим орчин дахь цагдан хяналт болон бусад төрлийн зүй бус дарамт, шийтгэл зэрэг аливаа аюул заналхийллээс сэтгүүлчдийг хамгаалах арга хэмжээ багтана. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг аливаа хор хөнөөл учруулахуйц, түүний дотор цахим орчинд мөрдөн тагнах, тэдний цахим нууцлалд халдах зэрэг үйлдлийг зогсоох нь зүйтэй” гэв. Түүнчлэн, “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл чухал үүрэг гүйцэтгэж байгааг энэ завшааныг ашиглан онцлон тэмдэглэхийг хүсч байна. НҮБ-ын зүгээс хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийг ТХЗ-ыг хэрэгжүүлэх чиглэлээр тууштай ажиллахыг” уриалав. 

Европын Холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд, Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр бид чөлөөт хэвлэлийн нэн чухал үүргийг тэмдэглэхийн сацуу найдвартай, үнэн зөв мэдээ нь ардчиллын тулгуур багана болохыг тэмдэглэдэг. Ардчилсан үйл явцын чанар нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, олон ургалч байдалтай холбоотой. Гэсэн хэдий ч бид чөлөөт хэвлэл мэдээллийн орон зайг хумих гэсэн, зохион байгуулалттайгаар  бусниулах олон оролдлогуудыг харж байна. Маш олон сэтгүүлч амь насаа алдсан, эсвэл үнэнийг илчилснийхээ төлөө амь насаараа дэнчин тавьсан байдаг. Би эдгээр сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлэхийг хүсэж байна. Сэтгүүлчдийн аюулгүй байдал бол Европын холбооны эн тэргүүнд тавих зүйл юм. Бид Монгол Улсад иргэний болон улс төрийн эрх, тэр дундаа хэвлэлийн эрх чөлөө, хүний эрхийг хамгаалагчдын эрх чөлөөний асуудлыг чухалчлан ажиллаж байна. Чөлөөт хэвлэл үгүй бол ардчилал гэж байхгүй” болохыг онцлов.

ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал, профессор Шахбаз Хан видео мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд мэндчилгээндээ “ЮНЕСКО-гийн нэрийн өмнөөс Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллагуудыг хуурамч мэдээлэл, цахим ертөнцөөр үзэн ядсан үг хэллэг, хор хөнөөл учруулж болзошгүй агуулгатай тэмцэхийн тулд хүний эрхэд суурилсан засаглалыг сурталчлах, дэмжихийг” уриалав. Түүнчлэн, “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол, дижитал бичиг үсгийн тайлагдалтыг нэн яаралтай нэвтрүүлэхэд оролцохыг бүх оролцогч талуудад” уриалаад, “Ингэснээр, бүх иргэд, тэр дундаа, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, бусад цөөнхийн бүлгүүд, хувьсан өөрчлөгдөж буй энэ мэдээллийн талбарыг жолоодож, түүний нэг хэсэг байх боломж бүрдэх”-ийг сануулав.

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан “Энэ өдрийг бид баяр болгон тэмдэглэхээсээ илүүтэйгээр хэвлэн нийтлэх эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо нэгтгэж, бидэнд тулгамдаж буй асуудлуудыг зөв тодорхойлж, гарц шийдлийг хамтдаа хэлэлцэх ийм өдөр байгаасай гэж хүсэж байна. Асар хурдтай хөгжиж буй цахим, дэвшилтэт технологиуд сэтгүүл зүйг хувирган өөрчилж, шинэ боломжуудыг авч ирж байна. Өнөөдөр сошиал медиагийн ачаар бид урьд өмнө байгаагүй их хэмжээний мэдээлэл олж авах боломжтой болсон. Гэхдээ, энэ боломж нь шинэ сорилтуудыг бий болгож байна. Энэ нь улмаар чөлөөт, хараат бус, олон ургалч, мэргэжлийн сэтгүүл зүй оршин тогтноход улам хүндрэлтэй болгож байна. ЮНЕСКО-гийн хийсэн судалгаагаар, цахим орчинд эмэгтэй сэтгүүлчид рүү дайрах, цахим хүчирхийлэл үйлдэх явдал их байгааг тогтоосон байна. Судалгаанд оролцсон 10 эмэгтэй сэтгүүлч бүрийн 7 нь “цахим хүчирхийлэлд өртөж байсан” гэжээ. Эдгээр болон бусад асуудлын улмаас сүүлийн таван жилийн хугацаанд дэлхийн хүн амын 85 орчим хувь нь эх орондоо хэвлэлийн эрх чөлөөний доройтлыг мэдэрсэн байна” гэв. 

Үндсэн хэлэлцүүлгийн өмнө, ГИТ-ийн хуульч Б.Пүрэвсүрэн “Ковидын үе дэх Хэвлэлийн эрх чөлөө” сэдвээр илтгэл тавив. Илтгэлийн эхний хэсэгт ННФ-ын дэмжлэгтэйгээр хийсэн Сэтгүүлчдийн аюулгүй байдал болон Иргэний болон улс төрийн эрхийн зөрчил судалгаануудын үр дүнг танилцуулав. Судалгааны үр дүнгүүд нь энэ жилийн ДХЭЧӨ-т зориулж, ЮНЕСКО-гоос гаргасан үзэл баримтлалын гурван үндсэн асуудлыг мөн харуулж байна. Тус судалгааны үр дүнгээс эндээс танилцана уу.

ГИТ нь “Сэтгүүл, хэвлэл мэдээллийн эсрэг иргэний болон эрүүгийн хэргийн судалгаа”-г сүүлийн 22 жил хийж байна. 1999-2021 оны хооронд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд болон гүтгэлэг, доромжлол, илт худал мэдээлэл тараахтай холбоотой шүүхээс шийдвэрлэгдсэн нийт 1146 иргэний болон эрүүгийн хэрэг бүртгэгдсэний 42% нь хэвлэл мэдээллийн байгууллага, эсвэл сэтгүүлчийн эсрэг цагдаа, эсвэл шүүхийн байгууллагад гаргасан гомдол эзэлж байгааг дурдав. Харин 2021 оны тухайд, нийт 54 хэрэг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэнээс 40 нь нээлттэй хэлбэрээр байгаа тухай дурдав. ГИТ нь 4 хэргийг мөн өмгөөлөл, шийдвэрлүүлсэн хэргийн тухайд товч дурдав. 2021 онд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн эсрэг гаргасан хоёр гомдлын нэгд нь УИХ-ын гишүүнээс гаргасан гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсэж, улмаар сэтгүүлчийг нэг сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн бол нөгөөд нь нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан гэх мэт цаг үеийн чухал мэдээллийг өгөв. Илтгэгч Б.Пүрэвсүрэн нэр төр, алдар хүндийг гутаах, гүтгэх, доромжох, илт худал мэдээлэл тараахтай холбоотой эрүү болон иргэний хуулиудыг харилцан адилгүй тайлбарлаж, хэрэглэж байна хэмээн илтгэлээ дүгнэн хэлэв. 

“Цахим дайралт дахь Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн нөхцөл байдал” сэдэвт үндсэн хэлэлцүүлэгт Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Хунан, Монголын Харилцаа холбооны зохицуулах газрын Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын дарга Л.Лувсан-Очир, Монголын хэвлэлийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, иргэн Д.Мөнхбат болон www.nuuts.mn сайтын сэтгүүлч С.Будрагчаа нар оролцов. Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдийг төлөөлж, Дархан-Уул аймгийн DBS телевизийн сэтгүүлч Э.Бодьгэрэл цахим дайралт, халдлагад хэрхэн өртсөн талаарх туршлагаасаа ярьж, видео бэлтгэн ирүүлснийг хэлэлцүүлэгт оролцогчдод толилуулав. 

Хэлэлцүүлгийг чиглүүлэгч, ГИТ нь “Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн эсрэг иргэний болон эрүүгийн хэргийн судалгаа”-г сүүлийн 22 жил хийж байна. 1999-2021 оны хооронд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд болон гүтгэлэг, доромжлол, илт худал мэдээлэл тараахтай холбоотой шүүхээс шийдвэрлэгдсэн нийт 1146 иргэний болон эрүүгийн хэрэг бүртгэгдсэний 42% нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн эсрэг цагдаа, шүүхийн байгууллагад гаргасан гомдол, нэхэмжлэл эзэлж байгааг дурдав. Харин 2021 оны тухайд, нийт 54 хэрэг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэнээс 40 нь нээлттэй буюу танилцах боломжтой байгаа тухай дурдав. 

2021 онд Эрүүгийн хуулийн худал мэдээлэл тараах гэмт хэргээр 15 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байгаагийн 2 нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн эсрэг гаргасан гомдол байна. Үүний нэгд нь УИХ-ын гишүүнээс гаргасан гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсэж, улмаар сэтгүүлчийг нэг сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн бол нөгөөд нь нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан гэх мэт цаг үеийн чухал мэдээллийг өгөв. Дүгнэж хэлэхэд, нэр төр, алдар хүндийг гутаах, гүтгэх, доромжлох, илт худал мэдээлэл тараахтай холбоотой эрүү болон иргэний хуулиудыг харилцан адилгүй тайлбарлаж, хууль хэрэглэж байна. Иймд манай улсад хууль нэг мөр тайлбарлаж хэрэглэгддэг байх, хуулийн хийдэл алдаа дутагдлыг арилгах, хууль эрх зүйн ухамсар, соёлыг төлөвшүүлэх зэрэг хэрэгцээ шаардлага буйг харуулж байна

Иргэн Мөнхбатын хэлэлцүүлгийн үеэр тавьсан гол асуудлууд нь Виндхук30+-д тунхагласан, энэ жилийн ДХЭЧӨ-т зориулсан үзэл баримтлалд онцолсон 3 асуудлын нэг болох Мэдээлэл нийтийн сайн сайхны төлөө байхтай шууд холбоотойг сануулав. Тухайлбал, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр буюу МУ-ын Засгийн газар бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихээс өмнө Энхсаран сувилал нь Ковидын халдварын голомт болоод буйг анхааруулж байснаараа ач холбогдолтой байсан ч түүнийг Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар шийтгэж, яллахыг оролдсон.  

www.nuuts.mn сайтын сэтгүүлч С.Будрагчаа мэргэжлийн ажлаа хийж явахдаа сүүлийн жилүүдэд цахим болон цахим бус орчинд сүрдүүлэг, халдлага, дайралтад ихэд өртсөн сэтгүүлчдийн төлөөлөл бол үзэл бодлоо илэрхийлж, “Хүч тэнцвэргүй тулаантай нүүр тулж” буйгаа хэлэв. 

Монголын Харилцаа холбооны зохицуулах газрын Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын дарга Л.Лувсан-Очир “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээ, мэдээлэлтэй холбоотой цахим сүрдүүлэг, халдлагыг технологийн дэвшлийг ашиглаж буюу IP хаягийн тусламжтай олж тогтоох боломжтой эсэх тухай” асуултад “ХХЗХ нь гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхгүй байгууллага. Харин зөвхөн прокурорын зөвшөөрөлтэй гаргаж өгөх боломжтой”-г хэлэв. 

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2021 онд хийсэн судалгаанаас үзэхэд, нэгдүгээрт, ковидын үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг гадуурхах хэрэгслүүдийг ялгаварлан гадуурхалт их байсан, хоёрдугаарт, мэдээллийн эх сурвалжийн дутагдалд оролцогч бүх талууд орсон болох нь тодорхой байсныг ХМЗ-ийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа онцлон хэлэв. Түүнчлэн, 2021 оны 11 дүгээр сард батлагдсан цахим багц хууль, Хувь хүний мэдээллийг хамгаалах хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуультай холбоотойгоор ХЭҮК-ын дэргэд орон тооны бүтэц энэ сарын 1-нээс ажиллаж эхэлснийг онцолж, Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Хунан хэлэв. 

ДХЭЧӨ-т зориулсан энэхүү хэлэлцүүлгийн үйл ажиллагааны төгсөлд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан олгодог 14 дэх удаагийн “Үнэний төлөө” шагналыг www.nuuts.mn сайтын сэтгүүлч С.Будрагчаад гардуулав. Энэхүү шагналыг олон нийтэд үнэнийг мэдээлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад  хувь нэмэр оруулсан сэтгүүлч, эсвэл хэвлэл мэдээллийн байгууллагад олгодог юм.