“Бүх хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахын тулд сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэгтэй тэмцэх нь”

ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН БАРИМТ БИЧИГ

“Бүх хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахын тулд сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэгтэй тэмцэх нь”

 Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох Олон улсын өдөрт зориулав 

11 дүгээр сарын 2

Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох нь иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл авах эрхийг хангахад тулгамдаж буй нэн чухал асуудлуудын нэг юм. ЮНЕСКО-ийн дэргэдэх “Амь үрэгдсэн сэтгүүлчдийн хэргийг ажиглах төв”-ийн мэдээлснээр, 2006-2020 оны хооронд дэлхий даяар 1200 гаруй сэтгүүлчийн амийг хороосон бөгөөд эдгээр аллагын 10 хэрэг тутмын 9 орчим нь шүүхээр шийдвэрлэгдээгүй байна. Сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл нь ихэвчлэн хууль дээдлэх ёс, шүүхийн тогтолцоо суларч буйг илтгэдэг. 

Хүнийг алах нь хэвлэл мэдээллийн эсрэг цензурын хамгийн харгис хэлбэр боловч сэтгүүлчид, хүн хулгайлах, эрүүдэн шүүх болон бусад бие махбодийн халдлагаас эхлээд дарамт шахалт, ялангуяа цахим орчинд тоо томшгүй олон аюул заналхийлэлд өртөж байна. Ялангуяа, сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, халдлага үйлдэгдэж буй нь хэвлэл мэдээллийн ажилтнуудыг айдаст автуулж, олон нийтэд мэдээлэл түгээх, үзэл бодол, санаагаа чөлөөтэй дамжуулахад саад учруулж байна. Сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, халдлага үйлдэх заналхийллийг зохих ёсоор шалгадаггүй бөгөөд энэ нь ихэвчлэн илүү ноцтой түрэмгийлэл, аллагад хүргэдэг. 

Global Media Defence Fund буюу Дэлхийн хэвлэл мэдээллийг хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр хийсэн судалгаанаас үзвэл, Латин Америкт гарсан хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хөнөөсөн 139 хэргийн 50 хувийг тэдний ажил үүрэгтэй холбоотой заналхийлэл эзэлж байна. Тиймээс, сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд тэдний эсрэг хүчирхийлэл үйлдэхээр заналхийлсэн хэргийн мөрдөн байцаалтын болон шүүн таслах ажиллагааг эрчимжүүлэх нь нэн чухал юм. Түүнчлэн, сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, эсвэл гэмт үйлдлийн бүх хэлбэрийг эрчимтэй шалгадаг шударга ёсны тогтолцоо нь сэтгүүлчдийн эсрэг болон хүн бүрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн эсрэг халдлагыг нийгэм үл тэвчинэ гэсэн хүчтэй дохиог өгдөг. Иймд, сэтгүүлчдэд тулгарч буй хүчирхийлэл, халдлага, заналхийллийн талаар илүү их ойлголттой байх нь хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх бодлогын чанарыг сайжруулахад тустай. Үүнтэй холбогдуулан, сэтгүүлчдийг хамгаалах үндэсний механизмыг бэхжүүлэх нь дээрх тулгамдаж буй асуудал бэрхшээлийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай.

Эмэгтэй сэтгүүлчид заналхийлэл, халдлагад өртөх нь түгээмэл бөгөөд, нэн ялангуяа, цахим орчинд халдлагад ихэд өртөж байна. ЮНЕСКО-оос саяхан гаргасан, "The Chilling: Global trends in online violence against women journalists” буюу “Айдас: Эмэгтэй сэтгүүлчдийн эсрэг цахим хүчирхийллийн дэлхийн чиг хандлага" хэмээх хэлэлцүүлгийн баримт бичгийн дагуу, судалгаанд хамрагдсан эмэгтэй сэтгүүлчдийн 73 хувь нь ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө цахим заналхийлэлд өртсөн бөгөөд энэ нь айлган сүрдүүлэх, доромжлох зэргээр илэрсэн хэмээн хариулжээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2013 оны 68 дугаар чуулганаар А/RES/68/163 тоот тогтоол баталж, жил бүрийн 11 дүгээр сарын 2-ны өдрийг Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох Олон улсын өдөр (IDEI) болгон зарласан. Тэр цагаас хойш IDEI-г дэлхий даяар тэмдэглэж байгаа нь сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэхтэй тэмцэхэд оролцож буй бүх оролцогчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, харилцан яриа өрнүүлэх онцгой боломж бүрдүүлж байна. НҮБ-ын агентлагууд, бүс нутгийн байгууллагууд, гишүүн орнууд, шүүх эрх мэдэлтэй гишүүд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийнхэн зэрэг олон талт оролцогчид сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх, хариуцлага тооцоход чухал үүрэг гүйцэтгэдэг. 

Нэмж дурдахад, энэхүү асуудлыг шийдвэрлэхэд олон улсын байгууллагууд нэгдэж, үүрэг амлалтаа нэмэгдүүлж буй нь сэтгүүлчдэд тулгарч буй аюул заналхийллийн онцлогийг хүлээн зөвшөөрсөн НҮБ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн эрх зүйн асуудлаарх 14 дүгээр их хурлаар баталсан эцсийн Тунхаглалаар улам бүр нотлогдож байна. Уг Тунхаглалд “Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг үйлдсэн заналхийлэл, хүчирхийллийн үйлдлийг (...) мөрдөн шалгах, яллах, шийтгэх, тэдний эсрэг үйлдсэн гэмт хэргийг ял шийтгэлгүй үлдээж буйг эцэслэхийн тулд (...) хэрэгжүүлэх талаар дурдсан байна. ”

2021 оны Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох Олон улсын өдөр нь зөвхөн хүн амины хэрэг төдийгүй сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл үйлдэхээр заналхийлсэн гэмт хэргийг мөрдөн шалгах, ял шийтгэл оногдуулах үйл ажиллагаанд прокурорын байгууллагын гүйцэтгэх үүргийг онцлолж байна. Дээд хэмжээний дугуй ширээний уулзалтад улсын прокурорын байгууллагуудын төлөөлөл, сэтгүүлчид, хуулийн мэргэжилтнүүд оролцоно. Уг арга хэмжээ нь сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээний талаар прокурорууд, сэтгүүлчдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Хэлэлцүүлэгт эмэгтэй сэтгүүлчдийн эсрэг цахим болон жендэрт суурилсан хүчирхийллийг зогсоох асуудлыг нэгтгэнэ.

Хэлэлцүүлгийн үеэр ЮНЕСКО болон Олон улсын прокуроруудын холбооноос хамтран 16 орны хэл дээр хэвлэн нийтлэгдсэн сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргийн талаар прокуроруудад зориулсан удирдамжийг танилцуулна. Түүнчлэн, IDEI-ийг тохиолдуулан “Аюулгүй байдлын бүлэг”-ийг Дэлхийн чиг хандлагын тайлангийн нэг хэсэг болгон, нийтлэх бөгөөд үүнд аллага, ял шийтгэлгүй үлдээх байдлын талаарх ЮНЕСКО-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, сэтгүүлчдийн аюулгүй байдлын талаарх дэлхийн чиг хандлагын тойм багтсан. 2021 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр батлагдсан “Виндхукийн +30 тунхаглал”-ын зөвлөмжийн дагуу 2021 оны IDEI арга хэмжээ нь хэвлэл мэдээллийн оршин тогтнохуйг хангахын тулд сэтгүүлчдийн аюулгүй байдал, хараат бус байдлыг хангахад хувь нэмэр оруулах юм. 

Түүнчлэн, эдгээр аюул заналхийллийг илрүүлэхэд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үүрэг оролцоо, олж мэдсэн зүйлсээ прокурорт мэдээлэх, гэмт этгээдүүдэд хариуцлага тооцох талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн эрэн сурвалжлах, тэр дундаа, дата сэтгүүл зүйн нөөц боломжийг ашиглах зэрэг шинэлэг арга техникийн талаар ярилцана. Сэтгүүлчдэд тулгарч буй аюул заналхийлэл, тэдний эсрэг үйлдсэн гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэх асуудлын талаар дэлхий нийтийн анхаарлыг цаашид нэмэгдүүлэхийн тулд IDEI-ийн өмнө олон нийтийн мэдээллийн хэрэгслийн янз бүрийн платформ дээр цахим аян эхлүүлнэ. 

2021 оны IDEI-ийн үеэр 2022 онд тохиох “Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буй талаарх НҮБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө” баталсны 10 жилийн ойг тэмдэглэх эхлэл тавигдана. 2012 онд НҮБ-ын Гүйцэтгэх захирлуудын зөвлөлөөс баталсан НҮБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө нь ямар ч нөхцөл байдалд, тухайлбал, зэвсэгт мөргөлдөөн бүхий, тайван, эсвэл зөрчилдөөнт, зөрчилдөөнгүй нөхцөлд, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудын ажиллах, ажил үүргээ гүйцэтгэхэд чөлөөтэй, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилготой юм. Энэ нь дэлхий дахинд энх тайван, ардчилал, хөгжлийг дэмжихэд чиглэж буй билээ.

Дээрх зорилгын хүрээнд, IDEI 2021 хөтөлбөрийн төвлөрч буй гол асуудал нь сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг, халдлагын хэргүүдийг мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагааг бэхжүүлэхэд олон талт оролцоог хангах явдал юм. Ингэснээр, хүний үндсэн эрх болсон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн хүртээмжтэй байдал болон хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулна. 

Энэхүү Олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхэд Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах олон талт донорын хөтөлбөр (MDP)-өөр дамжуулан, хэвлэл мэдээллийн ажилтнуудад аюулгүй орчин бүрдүүлэхийн төлөөх хамтын ажиллагааг идэвхжүүлэх, улс төрийн хүсэл эрмэлзэлийг бэхжүүлэх зорилгоор үндэсний хэмжээний хэд хэдэн арга хэмжээ, аянуудад дэмжлэг үзүүлнэ.