“ТХОУ-д иргэдийн оролцоог хангах нь” сэдэвт цахим уулзалтаар олон чухал асуудлыг тодорхойллоо

Швейцарын Хөгжлийн Агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэлээс санхүүжүүлэн, Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлж, ил тод байдал, оролцоог нэмэгдүүлэх нь (МУНЭХБИТБОН буюу MASAM 2 дахь үе шат) төслийн хүрээнд “Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага (ТХОУ)-д иргэдийн оролцоог хангах нь” сэдэвт асуудал тодорхойлох уулзалтыг өнөөдөр буюу 10 дугаар сарын 6-нд  цахимаар хоёр дахь удаагаа зохион байгууллаа.

Цахим хэлэлцүүлгийн эхний хэсэгт Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас MASAM 2 төслийг удирдаж буй төслийн менежер Н.Амгаланбаатар тус төслийн товч танилцуулгадаа төслийн санхүүжүүлэгчид, төслийн хамрах хүрээ, дөрвөн бүрэлдэхүүн хэсэг, төслээс хүлээгдэж буй үр дүнгүүд болон энэхүү төсөл нь МУ-ын урт болоод дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтэй хэрхэн уялдаж буй талаар ярив. Түүний дараа, “Анрид” компанийн Гүйцэтгэх захирал А.Ундрал “ТХОУ-д иргэдийн оролцоог хангах нь” сэдвийн дор энэ сарын 15-наас 17-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдах Хакатон тэмцээнийг зохион байгуулахтай холбоотой асуудал тодорхойлох уулзалтыг хийж буй гурван хэсгийн хүрээнд танилцууллаа. Нэгдүгээрт, ТХО-ын удирдлагад иргэд оролцохын зургаан ач холбогдол, тэр дундаа, иргэн, төр хоёрын хооронд цахим гүүр болох боломжийг онцлов. Хоёрдугаарт, иргэд хэрхэн төсвийн хөрөнгө оруулалтын үе шатуудад санал, хүсэлтээ илгээх, бодит хэрэгжилтэд үнэлгээ өгөх болон санал хүсэлт, үнэлгээтэй холбоотой хариу үйлдэл үзүүлсэн эсэхийг мэдээлэх гэсэн эргэх холбоо нь Хакатон тэмцээний хамрах хүрээ болохыг танилцуулав. Гуравдугаарт, төсвийн хөрөнгө оруулалтдаа иргэдийнхээ оролцоог сайтар хангаж буй улс орнуудын талаар Гүрж болон Шотланд улсын жишээн дээр танилцуулав. 

Өнөөдрийн асуудал тодорхойлох хэлэлцүүлэгт орон нутгийн түвшний асуудлуудыг хэлэлцэх зорилготой байсан бөгөөд нийт 16 аймаг, хоёр дүүргийн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо. Тухайлбал, Сэлэнгэ, Баянхонгор, Сүхбаатар аймгуудын Засаг даргын орлогч нар, аймгуудын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарын төлөөлөл, худалдан авах ажиллагааны мэргэжилтэн болоод төслийг хэрэгжүүлэгч байгууллагуудын ажилтан, мэргэжилтнүүд зэрэг нийт 47 хүн оролцлоо.

Хэлэлцүүлгийн хоёрдугаарт хэсэг болон үндсэн асуудал тодорхойлох үндсэн хэсэгт оролцогчид өөр өөр өнцгөө олон асуудлыг тодорхойлсноос цөөн хэдийг дурдвал: Нэгдүгээрт, иргэдийн оролцоог хангах тухай хууль, дүрэм, журам байдаг ч хэрэгжилт хангалтгүй. Хоёрдугаарт, төр болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа тогтвортой биш бөгөөд үүнд нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйл буй. Гуравдугаарт, төрийн бус байгууллагуудын чадамж сул, түүнчлэн, тогтвортой ажиллах боломж сайтар бүрдээгүй. Дөрөвдүгээрт, орон нутгийн түвшинд иргэдийн оролцоо нэр төдий явдаг. Тавдугаарт, иргэд мэдээ, мэдээлэл муутай, эсвэл огт мэдээлэлгүй байдаг. Нөгөө талаас, зөвхөн өөрсдөдөө хамааралтай мэдээлэлд чих тавьдаг, эсвэл эрэн хайдаг болохыг төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд хэлэв. Зургаадугаарт, олон төрлийн цахим платформ байдаг ч иргэдэд ойлгомжтой биш, хэрэглэхэд хүндрэлтэй бөгөөд мэдээлэл нь цаг тухайдаа шинэчлэгддэггүй. 

Тус цахим хэлэлцүүлгийн эхний өдрийн уулзалтад Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалт, Төрийн сан, Санхүүгийн хяналт, эрсдлийн удирдлага, Мэдээллийн технологи зэрэг газрын мэргэжилтнүүд болон Үндэсний хөгжлийн газар, Аудитын үндэсний газар, Авлигатай тэмцэх газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зэрэг төрийн дээд удирдах байгууллагуудын, мөн Удирдлагын академи зэрэг шинжлэх ухааны байгууллагуудын төлөөлөл зэрэг нийт 55 хүн оролцов. 

Энэхүү асуудал тогдорхойлох уулзалтуудын үр дүнд үндэслэн тус төслийг хамтран хэрэгжүүлэгчид Глоб Интернэшнл төв, Дэлхийн Зөн Монгол ОУБ, Хүүхдийг Ивээх сан, Стартап Монгол, Анрид зэрэг таван байгууллага Дэлхийн Банктай хамтран, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага, хяналтад иргэдийн оролцоо, дуу хоолойг нэмэгдүүлэх зорилготой “Public Investment for All - Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад иргэдийн оролцоог хангах нь” цахим хакатоныг 10 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулна.