“Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад иргэдийн оролцоог хангах нь” сэдэвт асуудал тодорхойлох уулзалтууд болно

Швейцарын Хөгжлийн Агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэлээс санхүүжүүлэн, Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлж, ил тод байдал, оролцоог нэмэгдүүлэх нь (МУНЭХБИТБОН буюу MASAM 2 дахь үе шат) төслийн хүрээнд “Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад иргэдийн оролцоог хангах нь” сэдэвт асуудал тодорхойлох уулзалтууд 10 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд цахимаар болно. 

Цахим хэлэлцүүлгийн зорилго нь МУ-ын өнцөг булан бүрт суугаа иргэдэд төсвийн хөрөнгө оруулалтын тухай мэдээллийг ил тод, нээлттэй, ойлгомжтой хэлбэрээр хүргэх, түүнчлэн иргэдээс санал хүсэлт хүлээн авах, үнэлгээ өгөх боломж бүхий технологийн боломжит шийдэл буюу платформын загварыг гаргах юм.

Тус хоёр өдрийн цахим хэлэлцүүлгийн эхний өдрийн уулзалтад Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалт, Төрийн сан, Санхүүгийн хяналт, эрсдлийн удирдлага, Мэдээллийн технологи зэрэг газрын мэргэжилтнүүд болон Үндэсний хөгжлийн газар, Аудитын үндэсний газар, Авлигатай тэмцэх газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зэрэг төрийн дээд удирдах байгууллагуудын, мөн МУИС, СЭЗИС, Удирдлагын академи зэрэг шинжлэх ухааны байгууллагуудын төлөөлөл оролцоно. Харин хоёр дахь өдрийн асуудал тодорхойлох хэлэлцүүлэг орон нутгийн түвшний асуудлуудыг хэлэлцэх бөгөөд нийт 16 аймгуудын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцоно. 

Энэхүү асуудал тогдорхойлох уулзалтуудын үр дүн дээр тус төслийг хамтран хэрэгжүүлэгчид Глоб Интернэшнл төв, Дэлхийн Зөн Монгол ОУБ, Хүүхдийг Ивээх сан, Стартап Монгол, Анрид зэрэг таван байгууллага Дэлхийн Банктай хамтран, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага, хяналтад иргэдийн оролцоо, дуу хоолойг нэмэгдүүлэх зорилготой “Public Investment for All - Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад иргэдийн оролцоог хангах нь” цахим хакатоныг 10 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулна.