Төрийн өмчит компани хэвлэл мэдээллийн хэрэгсэлд эдийн засгийн цензур тогтоох гэсэн үйлдэл хийв

МЭДЭГДЭЛ

“Өглөөний сонин”-ын сэтгүүлч С.Өлзийбаяр сониныхоо “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” буланд 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Ураны хор Дорноговийн нүүдлийн цагаан, нутгийн бор зээрийг сүйрүүлж байна” гарчигтай нийтлэл [1] хэвлүүлжээ. Уг нийтлэлтэй холбогдуулан “Мон-Атом” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани тус сониныг бусдыг төөрөгдүүлэх замаар ажил хэргийн нэр хүндэд халдсан хэмээн үзэж, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ, дээрх нийтлэлийг түгээсэн хэлбэр, хэрэгслээр сонины эхний нүүрэндээ нийтлэх байдлаар залруулга, няцаалт хийхийг даалгах, мөн ажил хэргийн нэр хүндэд учруулсан хохирол болох 100.000.000 (нэг зуун сая) төгрөгийг гаргуулж, “Мон-Атом” ХХК-д олгуулахыг шаарджээ.

“Мон-Атом” ХХК-ний энэ үйлдэл нь “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг “Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй” гэсэн заалттай зөрчилдөж байна. Ардчилсан нийгэмд өндөр албан тушаалтнууд, төрийн байгууллагууд, түүн дотроо төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа олон нийтийн байнгын хараа хяналтад байх бөгөөд тэднийг аливаа шүүмжлэлд хүлээцтэй хандахыг олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд [2] заасан байдаг. Мөн гүтгэлэг, доромжлол, нэр төр гутаах асуудлыг гагцхүү иргэд хоорондын эсхүл бизнесийн байгууллагын ажил хэргийн нэр хүндэд хохирол учруулсан тохиолдолд маргаан гэж үзэн шийдвэрлэдэг жишиг бий.

Түүнчлэн, Үндсэн хуульд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтөд “Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж заасан. Сэтгүүлч С.Өлзийбаяр Үндсэн Хуулиар баталгаажуулсан дээрх эрхийн хүрээнд олон нийтийн эрх ашгийн үүднээс мэргэжлийн үйл ажиллагааны дагуу олж авсан мэдээлэл дээрээ тулгуурлаж, гэрэл зургаар баталгаажуулсан нийтлэлийг ажил хэргийн нэр хүндэд халдсан хэмээн үзэж, их хэмжээний мөнгөн дүн нэхэмжилж буйг Глоб Интернэшнл төв ТББ буруушааж байна. Ийнхүү хууль, шүүхээр хэвлэл мэдээллийг далайлган сүрдүүлэх нь тэдэнд айдас төрүүлэх, эрх бүхий этгээдүүдийн талаарх мэдээллийг саармагжуулж, бодит шүүмжлэлийг таслан зогсоох, олон нийтийн эрх ашгийн эсрэг чиглэсэн үйлдлийг өөгшүүлэх хор уршиг дагуулах эрсдэлтэй. 

“Мон-Атом” ХХК нь Засгийн газрын 2009 оны 45 дугаар тогтоолоор Уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмалын геологи хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд дангаар болон бусад этгээдтэй хамтран оролцох, төрийн төлөөллийг зохих хуулийн дагуу хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэйгээр үүсгэн байгуулагдсан төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани буюу хуулийн этгээд юм. 

Глоб Интернэшнл Төв нь 1999 онд байгуулагдсан цагаасаа иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө, мэдэх эрх, төрийн байгууллагын ил тод байдлыг дэмжих, авлигын эсрэг соён гэгээрүүлэх чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллага юм. 

ГЛОБ ИНТЕРНЭШНЛ ТӨВ

2021 оны 9 дүгээр сарын 2


[1] https://news.zindaa.mn/3opg

[2] ИБУТЭТОУП-ын 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгтэй холбоотой НҮБ-ын Хүний эрхийн хорооны 34 дүгээр тайлбарт үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг буруу буюу зохих үндэслэлгүйгээр хязгаарлах төрөл, хэлбэрт хамаарна.