Хамтран ажиллах стратегиа хэлэлцэв

Глоб Интернэшнл төв (ГИТ)-өөс “Сонгууль ба хэвлэл мэдээлэл” цахим чуулга уулзалтыг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа. ГИТ-өөс хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэй сэтгүүлчдийг эрх мэдэлжүүлэх нь” төслийн үйл ажиллагаанд олон талт оролцоотой оролцсон сэтгүүл зүйн багш нар, Улаанбаатар хотын болон орон нутгийн сэтгүүлчид, сэтгүүл зүйн ангийн оюутнууд болон Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах газар (ХХЗГ) гэсэн төрийн байгууллагуудын, “Хөвсгөлийн хөгжил, дэвшилд”, “Эерэг өөрчлөлтийн төлөө хамтдаа” зэрэг төрийн бус байгууллагуудын төлөөлөл болох нийт 47 оролцогч хамрагдлаа.

Чуулга уулзалтыг нээж, ГИТ-ийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр төслийн амжилттай хэрэгжилтэд сэтгүүл зүйн багш нар, орон нутгийн болон Улаанбаатар хотын сэтгүүлчид, сэтгүүл зүйн ангийн 22 оюутнуудын гүйцэтгэсэн үүргийг онцлов. Төслийн хэрэгжүүлэгч, БНОУХ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Крейг Кастанья сонгуулийн үеэрх шударга, ёс зүйт хэвлэл мэдээллийн үүргийг онцлоод, чанартай сэтгүүл зүйн хөгжилд оруулж буй тус төслийн хувь нэмрийг онцлов.

ГИТ-ийн Гүйцэтгэх захирал Т.Аюушжав төслийн хүрээнд хийгдсэн томоохон таван ажлыг чуулга уулзалтад оролцогчдод танилцуулсны дараа ХХЗГ-ын Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын дарга А.Лувсан-Очир ГИТ-өөс өнгөрөгч гуравдугаар сард зохион байгуулсан сургалтын үр дүнд сонгуультай холбоотой хэд хэдэн заалтад өөрчлөлт орсныг онцлон тэмдэглэв.  

Чуулга уулзалтын эхний хэсэгт тус төслийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагаанууд болон төслийн ололт амжилтыг танилцуулсан юм. Тухайлбал, төсөлд олон талт оролцоотой оролцсон сэтгүүл зүйн есөн багшийг төлөөлж, СУИС-ийн РТМУС-ийн Сэтгүүл зүйн тэнхмийн багш Г.Мөнхбаяр илтгэл тавихдаа, “Сонгуулийг мэдээлж, сурвалжлах” нь гарын авлагыг бэлдэнгээ багш нар хэвлэл мэдээллийн төдийгүй бусад хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлсний зэрэгцээ, хэвлэл мэдээллүүдийн мэдээл мэдээлэлд анализ хийх, улс төрийн орчин болон олон практикийн түвшинд зохих мэдлэг хуримтлуулсан тухай онцлов. Багш нар цаашид сонгуулийг мэдээлж, сурвалжлах талаар онол, практикийн мэдлэгтэй болж, үүнийгээ дэмжихүйц жишээ, баримтуудыг цуглуулж, нөөцийг үүсгэсний зэрэгцээ сургалт, судалгаандаа ашиглахуйц санг бүрдүүлэв.

Сэтгүүлчдийн төлөөлж, Хөвсгөл Ард түмний телевизийн захирал, сэтгүүлч Ж.Эрдэнэцэцэг төслийн хүрээнд хэрхэн чадваржсанаа хуваалцаад сургалтын дүнг хэрхэн ажилдаа нэвтрүүлснээ хоёр зүйлээр тайлбарлав. Нэгдүгээрт, гуравдугаар сард ГИТ-өөс зохион байгуулсан сургалтаас олж авсан мэдлэгээ ашиглан, Хөвсгөл ард түмний телевиз ХМХ-ийнхээ ёс зүйн дүрэмд нэмэлт заалт оруулсан. Хоёрдугаарт, баримтыг нягтлах нь ард иргэдийн эргэлзээг үгүй хийдэг болохыг Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн “Хөвсгөл нутгийн хүү” гэдэг мэдээлэл явсантай холбогдуулан тайлбарлав.

МУИС-ын Сэтгүүл зүй, олон нийттэй харилцахын гуравдугаар дамжааг төгсөгч Л.Дэлгэрмаа оюутнуудыг төлөөлж, “Би хэрхэн чадваржсан бэ?” хэмээх сэдвийн хүрээнд итгэл тавив. Тэрбээр, хэвлэл мэдээлэлтэй холбоотой төдийгүй бусад хуулийг ашиглан, төрийн байгууллагаас хэрхэн мэдээлэл хүсэх, судалгаа хийх, баримт нягтлах болон дижитал нийтлэл бэлтгэхдээ ямар ямар хүндрэл тулгарч, хэрхэн давх туулснаа чуулгад оролцогчдод хуваалцсанаар чуулга уулзалтыг эхний хэсэг өндөрлөв.

Цахим чуулга уулзалтын сүүлийн хэсэгт төсөлд гар бие оролцогч талуудын цаашдын хамтын ажиллагааны стратеги болоод юунд түлхүү анхаарах нь зүйтэй талаар хэлэлцлээ. 

Чуулганы хэлэлцүүлгийн үр дүнд дараах байдлаар санал, зөвлөмжөө нэгтгэв. 

Их дээд сургуулийн багш нар: 

  • Өөрсдөө ойлголт мэдлэг нэмэгдсэн тул оюутан шавь нартаа мэдээлэл өгөх боломж нэмэгдсэн, 
  • Төсөл фокусаа зөв харсан, сэтгүүл зүйн багш нарыг чадавхжуулснаар ирээдүйн олон сэтгүүлчийг чадавхжуулахад хувь нэмэр оруулсан,
  • Сэтгүүл зүйн их, дээд сургуулиудын хөтөлбөр шинэчлэх зайлшгүй шаардлагатай, сонгуулийг мэдээлж сурвалжлах хөтөлбөр оруулах хэрэгтэй, өөрчлөлт оруулахад тэнхим багш нарын санал авдаг тиймээс энэ асуудлаар санал оруулах боломжтой

Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд: 

  • Сургалтад хамрагдсанаар мэдлэг ойлголт нэмэгдэж бусад сэтгүүлчдэд мэдээлэл өгөх боломжтой болсон (Баримт нягтлах, сэтгүүлчдийн аюулгүй байдал, Тэнцвэртэй байх гэх мэт)
  • Ес зүйн зарчим, стратегиа боловсруулсан, 
  • Сонгогчдын оролцоог нэмэгдүүлэх, сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор нийтлэл, нэвтрүүлэг хийх

Сонгуулийн ерөнхий хороо:

  • Сонгогчдын боловсрол нэн тэргүүний асуудал,
  • Сонгуулийн өмнө, үеэр болон дараах үед Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Төрийн бус байгууллагуудын оролцоо чухад гэдэг нь харагдсан,
  • Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ТББ-ууд хамтын ажиллагаагаа сайжруулах, 
  • Эрх зүйн орчинг боловсронгуй болгохын тулд бүх тал эртнээс хамтран ажиллах шаардлагатай, хамтран ажиллахад бэлэн,
  • Төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо чухал,
  • Хамтарсан сургалт зохион байгуулах, ялангуяа кейс дээр тулгуурласан сургалт үр дүнтэй, 
  • Уулзалт зохион байгуулж мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх боломжтой, 
  • Глоб Интернэшнл төв санаачлаад эрх зүйн орчин сайжруулах тал дээр мэргэжлийн эвлэл холбоодын санал авах уулзалт зохион байгуулах, нэгдсэн санал зөвлөмжийг хууль тогтоогчдод өгөх,
  • Сургалтын төвтэй болсон. Иймд мэдээлэл сургалт өгөхөд илүү дөхөм болно, 
  • Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах олон талын хэлэлцүүлэг зохион байгуулах

Энэхүү цахим чуулга уулзалт нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас санхүүжүүлж, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ)- гийн хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд ГИТ-өөс хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэй сэтгүүлчдийг эрх мэдэлжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулагдсан юм.