“Сонгууль ба хэвлэл мэдээлэл” цахим чуулга уулзалт болно

Глоб Интернэшнл төв 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 14:00-16:00 цагт “Сонгууль ба хэвлэл мэдээлэл” цахим чуулга уулзалтыг зохион байгуулна. Чуулга уулзалтад “Залуучууд, эмэгтэй сэтгүүлчдийг эрх мэдэлжүүлэх нь” төслийн хэрэгжилтийн үе шат дахь олон талт хамтын ажиллагаа ба төслийн үр шим хүртэгч төдийгүй төслийг хамтран хэрэгжүүлэгчдийн олон талт оролцоо, тэдэнд тулгарсан саад бэрхшээл болон тэдний хэрхэн чадваржсан талаар сонирхолтой илтгэлүүд тавигдана. Цахим чуулга уулзалтын үеэр төслийн үйл ажиллагаанд оролцогч талуудын зүгээс төслийн үйл ажиллагаа, үр нөлөө, хүндрэл бэрхшээл, мэдлэг, туршлагаа хуваалцаж, цаашид хэрэгжүүлэх алхмуудыг хэлэлцэнэ.

Цахим чуулга уулзалтын үр дүнд сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн баримтлах зарчим бүхий цогц зөвлөмжийг баталж, нийтийн хүртээл болгохоор зорьж байна. Чуулга уулзалтад “Залуучууд, эмэгтэй сэтгүүлчдийг эрх мэдэлжүүлэх нь” төслийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулсан, мөн үр шим хүртсэн сэтгүүл зүйн багш, оюутнууд, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, түүнчлэн хамтран ажилласан төрийн байгууллагуудын төлөөлөл оролцоно.

Глоб Интернэшнл төв нь 2020 оны 9 дүгээр сараас “Залуучууд, эмэгтэй сэтгүүлчдийг эрх мэдэлжүүлэх нь” төсөл хэрэгжүүлж буй бөгөөд энэ нь АНУ-ын Олон улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн дэмжлэгтэйгээр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (IRI)-гийн хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн үйл ажиллагааны нэг хэсэг билээ.