“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) ОУБ-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг хэвлэлийн эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо өргөхийг шамдуулж байна

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй гурван нэр дэвшигчид хандаж, төрийн ил тод, нээлттэй байдлыг сайжруулах, авлигатай тэмцэх шилдэг арга болсон хэвлэлийн эрх чөлөөний төлөөх цаашдын шинэтгэлийг дэмжихэд дуу хоолойгоо өргөхийг уриалж байна.

2021 оны 6 дугаар сарын 9-ний өдөр болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч У.Хүрэлсүх (МАН), С.Эрдэнэ (АН), Д.Энхбат (“Зөв ХҮН электорат” эвсэл) нарыг төрийн ил тод, нээлттэй байдлыг сайжруулах, тус улсад бодитоор оршин буй авлигатай тэмцэх шалгарсан арга болох хэвлэлийн эрх чөлөө, редакцын хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлээр цаашдын шинэтгэлийг дэмжихээ илэрхийлэхийг шамдуулж байна.

“Монголын сэтгүүлчид улс төр, арилжаа, тэр дундаа удирдлагынхаа нөлөөллөөс ангид, хараат бусаар ажиллаж чадвал, авлигын хэргүүдийг олон нийтийн анхааралд хүргэхэд дөхөм болж, энэ нь тус улсын ардчилсан тогтолцоонд ашиг тусаа өгөх нь гарцаагүй” хэмээн “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагын Зүүн Ази хариуцсан товчооны тэргүүн Седрик Алвиани хэлэв. 

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн олон ургальч байдлыг нийтээр сахин хүндэтгэдэг хэдий ч, редакцын хараат бус байдалд саад тотгор болсон ашиг сонирхлын зөрчил хэвлэл мэдээллийн орчинд түгэн дэлгэрээд байна. 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр буюу өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиас хэдхэн долоо хоногийн өмнө Монголын телевизүүд холбогдох хуульд бусдын нэр төрд халдах хэргийн шийтгэлийг чангатгах санаархлыг эсэргүүцэн, эфирээ хааж байсан бөгөөд ингэх нь сэтгүүлчдийг өөрийн цензурт автуулахад хүргэнэ хэмээн тэд болгоомжилж байв. 

Монгол Улс 2021 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 68 дугаарт жагсаж байна. 

Эх сурвалжhttps://rsf.org/en/news/mongolia-rsf-urges-presidential-candidates-voice-support-press-freedom-0