Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн сурталчилгааны телевизийн мониторингийн II үеийн дүн

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн байгууллага болох Глоб Интернэшнл төв нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж Сонгуулийн тухай хууль болон СЕХ, ХХЗХ-оос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторингийн хоёрдугаар үеийн дүнг дүгнэвэл, нэр дэвшигчдийг магтаж сайшаасан, эерэг өнгө аястай сонгуулийн сурталчилгаа үргэлжилсээр...

2021 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх сурталчилгаанаас дараах дүн гарч байна. Үүнд,

1. Тайлангийн хугацаанд 5 телевизийн 465 цаг 20 минут 18 секундын бичлэгт мониторинг хийснээс 28 цаг 40 минут 59 секунд нь сонгуультай холбоотой мэдээлэл байв. Энэ нь нийт эфирийн 6%-ийг эзэлж байна.

2. МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийн хамгийн их цагийг МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх  эзэлсэн нь 47%-д хүрсэн бол АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэд 28%-тай тэнцэх цаг оногдов. Харин ЗХЭЭ-ээс нэр дэвшигч Д.Энхбатад оноосон цаг 25% хүрсэн юм.

3. Арилжааны 4 телевизийн нийт сонгуультай холбоотой мэдээлэлд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 53%, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 45%, ЗХЭЭ-аас нэр дэвшигч Д.Энхбат 2% тус тус эзэлжээ.  Өөрөөр хэлбэл, арилжааны телевизүүдийн хувьд ч МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхэд хамгийн их цаг оноосон хэвээр байна. Тухайлбал ТV9 телевиз 53%, NTV телевиз 53%, Монгол HD телевиз 56%, 25 дугаар суваг телевиз 51%-тай тэнцэх цаг тус тус оноов. 

4.Таван телевизийн дунджаар нэр дэвшигчдийг магтаж сайшаасан өнгө аястай мэдээлэл 85%-иас өсөж 93%-д хүрчээ. Төвийг сахисан мэдээллийн хэмжээ буурч 2% болов.  МҮОНТ-ийн мэдээллийн 95% нь эерэг хандлагатай байсан бол төвийг сахисан мэдээлэл ердөө 3%, сөрөг мэдээлэл 2% байна. Арилжааны телевизүүдийн хувьд NTV, Монгол HD телевизийн мэдээллийн 97% нь адил тэнцүү эерэг хандлагатай байсан нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Харин TV9 телевизийн сөрөг өнгө аястай мэдээлэл 9%-д хүрсэн нь бусдаасаа их байна.

5. МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийг хэлбэрийн хувьд ангилан үзвэл захиалгатай сурталчилгаа 50%, далд сурталчилгаа 20%, сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл 30%-ийг тус тус эзлэв. Харин арилжааны 4 телевизийн дунджаар нийт сонгуультай холбоотой мэдээллийн 47%-ийг захиалгатай, төлбөртэй сурталчилгааны цаг эзэлж, сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл буурч 38% болов. Нийт сонгуультай холбоотой мэдээллийн 15%-ийг далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл эзэлж байна. Хамгийн их далд сурталчилгааны шинжтэй мэдээллийг 25 дугаар суваг телевиз нэвтрүүлсэн нь 20% хүрсэн бол, хамгийн их сонгогчдын боловсролд зориулсан мэдээллийг TV9 телевиз нэвтрүүлсэн нь 43% болжээ.

6. Өмнөх сонгуулиудтай харьцуулахад хараат бус, сонгогчдын боловсролд зориулсан сэтгүүл зүйн бүтээл нэмэгдэх хандлага ажиглагдаж буй ч бүтээлийн чанар, үр дүнг сайжруулах нь нэн чухал асуудал хэвээр байна. МҮОНТ-ийн сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл 30%-д хүрсэн нь өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны дүнтэй харьцуулахад 5 пунктээр өссөн үзүүлэлттэй байна.

7. Сонгуулийн тухай хуульд заасан цагийн хязгаарлалт буюу 41.6 /60 минут/, 41.7 /15 минут/-ын зөрчил илрээгүй. Харин 41.14 /таван минут/ дахь заалтуудыг зөрчсөн 37 секундээс 4 минут 9 секундын хооронд 3 тохиолдол бүртгэгдэв. Эдгээр нь цөм МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхтэй холбоотой мэдээлэл байна.