MASAM 2 төслийн танилцуулга уулзалт боллоо

Глоб Интернэшнл төв (ГИТ) нь Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлж ил тод байдал, оролцоог нэмэгдүүлэх (МУНЭХБИТБОН буюу MASAM 2 дахь үе шат) төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн танилцуулга цахим уулзалтыг 6 дугаар сарын 3-ны өдөр зохион байгууллаа. Уг төслийн уулзалтад ГИТ-ийн зорилтот  аймгууд болох Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв аймгуудын төлөөллүүд болох нийт 30 гаруй хүн оролцлоо. Тухайлбал, долоон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга нар болон мэргэжилтнүүд оролцов. 

ГИТ-ийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал төслийн танилцуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, “мэдлэг бол хүч” болохыг онцлоод, нийгмийн эгэх хариуцлага нь төр, иргэн болон иргэний нийгмийн байгууллагын хоорондын эгэх хариуцлагыг сайжруулж, харилцан үр дүнтэй ажиллах боломжийг олгодог тул сайн засаглалыг хөгжүүлэхэд нэн чухал болохыг онцлов. Дэлхийн Банкны Улсын салбар хариуцсан мэргэжилтэн Д.Бадамчимэг тус төслийн эхний шатанд хамтран ажилласан аймгуудын төлөөлөлд талархлаа илэрхийлээд, төслийн эхний болон II үе шатын ялгааг дурдав. Тухайлбал, эхний шатанд эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн байгууллагуудыг чадавхжуулахад төслийн үйл ажиллагаа чиглэгдсэн бол одоогийн буюу II шатанд олон талын оролцоо, олон талт хамтын ажиллагаанд илүүтэй анхаарч буйг онцлов. Энэ нь иргэд болон иргэний нийгмийн оролцоо, чадавхийг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхэд болон төсвийн хөрөнгө оруулалт, зүй зохистой хуваарилалтад хяналт тавих мэдлэг, чадварыг  бэхжүүлж, төрийн болон төрийн бус салбарынхны уялдаа холбоог сайжруулахад зорьж буй гэсэн үг болохыг Д.Бадамчимэг онцлов.  

ГИТ-ийн Гүйцэтгэх захирал Т.Аюушжав “МУНЭХБИТБОН төсөл нь хамтын ажилллагаанд суурилсан нийгмийн эгэх хариуцлагын үйл явцыг бэхжүүлэхэд мэдээлэл харилцааны технологийг (МХТ) өргөнөөр ашиглах”-ыг дурдаад, “төсвийн хуваарилалт, төрийн үйлчилгээнд оролцоот хяналт-шинжилгээ хийх чиглэлээр иргэд, иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах, бодлогын түвшинд байгууллагуудын уялдаа холбоо, чадавхийг нэмэгдүүлэх, мэдлэг, туршлагаа нутагшуулан өргөжүүлэх гэсэн үндсэн дөрвөн хүрээг хамран хэрэгжих”-ийг онцлов. Үргэлжлүүлэн, тэрбээр “төсөл хэрэгжилтийн шатанд иргэдийн, иргэний нийгмийн төдийгүй төрийн байгууллагуудын мэдээлэл ашиглах, бодлого боловсруулалт, хэрэгжилтэд хяналт тавих чадавхыг нэмэгдүүлэх”-ийг зорьж буйгаа илэрхийлэв. Үргэлжлүүлэн, хэрэгжилтийн үр дүнд, “нэгдүгээрт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хөрөнгө оруулалтын үр дүнг сайжруулах чиглэлээр МХТ-д суурилсан платформыг ашиглан, иргэд шаардлагатай мэдээллээ авах, санал хүсэлтээ илгээх боломжтой болох, хоёрдугаарт, төв, орон нутгийн иргэний нийгмийн байгууллагууд тухайн орон нутагтаа тулгамдсан асуудлуудыг дэвшүүлэн тавьж, шийдвэрлүүлсэн байна гэсэн томоохон үр дүн гарна хэмээн хүлээж буй”-г онцлов. 

Дараагийн хэсэгт, төслийн хүрээнд хийгдэх томоохон үйл ажиллагааны талаар Т.Аюушжав танилцуулав. Тухайлбал, хамгийн эхний үйл ажиллагаа болох суурь судалгаа бөгөөд энэ нь тоон болон чанарын гэсэн хоёр хэлбэрээр хийгдэнэ гэв. Тоон судалгаа нь хоёр өөр агуулгын хүрээнд хийгдэх бөгөөд иргэдээс авах юм. Тус хоёр асуулга нь, нэгдүгээрт, эрүүл мэндийн үйлчилгээ авч буй иргэдийн санал бодлын судалгаа бөгөөд үүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжтэй байдал, олон нийтийн оролцоо, хоёрдугаарт, төсвийн хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийн хүртээмжтэй байдлын талаарх асуумжууд байх юм. Харин чанарын судалгааг дээрх хоёр агуулгын хүрээнд төрийн байгууллагуудын мэргэжилтнүүд болон нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллөөс авах юм. Хоёр дахь үйл ажиллагаа нь цахим Хакатон юм.

Уулзалтын төгсгөлд, Т.Аюушжав, тус долоон аймагт MASAM 2 төслийг хамтран хэрэгжүүлэх нэг төрийн бус байгууллага, нэг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг танилцуулав. ТББ-ууд нь нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаа эрхэлж байсан туршлагатай, эсвэл төслийн I үе шатанд хамтран ажилласан буюу нийгмийн эгэх хариуцлагын ухагдахуун болоод арга хэрэгслүүдийн талаарх туршлагатай болохыг дурдав. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мөн нийгмийн эгэх хариуцлагыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй учир аймаг тус бүрт нэг, нэг хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах болсноо хэлэв.  

Монгол Улсын хэмжээнд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар эрүүл мэндийн салбарт төрийн хөрөнгө санхүүг зохистой зарцуулж, төрийн хөрөнгө оруулалтын үр дүн, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд зорилготой энэхүү төсөл нь 2023 оныг дуустал хэрэгжинэ. Тус төслийг Швейцарын Хөгжлийн Агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэлээс (GPSA) санхүүжүүлж байгаа бөгөөд Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж байна. Төслийн хамтран хэрэгжүүлэгчээр ГИТ нь Дэлхийн Зөн Монгол ОУБ болон Монгол дахь Японы Хүүхдийг Ивээх Сангийн хамт ажиллаж байна. 

Төслийн үр шимийг 21 аймаг, 9 дүүргийн иргэд, үндэсний болон орон нутгийн иргэний нийгэм, технологийн түүчээ байгууллагууд, төрийн захиргааны төв болон орон нутгийн удирдлага, төрийн үйлчилгээний байгууллага, хэвлэл мэдээлэл, эрдэм шинжилгээний гэх мэт олон талт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд шууд болон шууд бусаар хүртэх юм.