МУ-ын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд сурталчилгааны телевизийн мониторингийн I үеийн үр дүн

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн байгууллага болох Глоб Интернэшнл төв (ГИТ) нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж Сонгуулийн тухай хууль болон СЕХ, ХХЗХ-оос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. 2021 оны 05 сарын 24-27 буюу сонгуулийн сурталчилгааны нэгдүгээр үеэс долоон дүн гарсныг ГИТ нэрлэж байна. Үүнд;

1. Тайлангийн хугацаанд 5 телевизийн 372 цаг 15 минут 23 секундын бичлэгт мониторинг хийснээс 24 цаг 04 минут 15 секунд нь сонгуультай холбоотой мэдээлэл байв. Энэ нь нийт эфирийн 6%-ийг эзэлж байна.

2. Албан ёсны сонгуулийн сурталчилгаа эхэлсэн 4 хоногийн хугацаанд МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийн хамгийн их цагийг Монгол ардын намаас нэр дэвшигч У.Хүрэлсүх эзэлж буй нь 37%-д хүрсэн бол бусад нэр дэвшигчдэд ойролцоо цаг оноосон нь Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэд 32%, Зөв Хүн Электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбатад 31%-тай тэнцэх цаг оногджээ. 

3. Арилжааны 4 телевизийн нийт сонгуультай холбоотой мэдээлэлд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 56%, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 41%, ЗХЭЭ-аас нэр дэвшигч Д.Энхбат 3% тус тус эзэлжээ. Өөрөөр хэлбэл, арилжааны телевизүүдийн хувьд ч МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхэд хамгийн их цаг оногджээ. Тухайлбал, ТV9 телевиз 61%, NTV телевиз 55%, Монгол HD телевиз 62%-тай тэнцэх цагийг ногдуулав.  Харин 25 дугаар суваг телевиз АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэд хамгийн их цаг ногдуулсан нь 54% болов. ЗХЭЭ-ээс нэр дэвшигч Д.Энхбатад хамгийн бага цаг зарцуулсан нь арилжааны телевизүүдийн дунджаар 3% байна.

4.Таван телевизийн дунджаар магтаж сайшаасан өнгө аястай мэдээлэл 81%-иар давамгайлж байна.  МҮОНТ-ийн мэдээллийн 85% нь эерэг хандлагатай байсан бол төвийг сахисан мэдээлэл 12%, сөрөг мэдээлэл 3% болов. Арилжааны телевизүүдийн хувьд NTV, Монгол HD телевизийн мэдээллийн 85% нь адил тэнцүү эерэг хандлагатай байсан нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Харин 25 дугаар суваг телевизийн сөрөг өнгө аястай мэдээлэл 16%-д хүрсэн нь бусдаасаа их бол TV9 телевиз хамгийн төвийг сахисан байдлаар мэдээлсэн нь 23% болжээ.

5. МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийг хэлбэрийн хувьд ангилан үзвэл захиалгатай сурталчилгаа 55%, далд сурталчилгаа 16%, сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл 30%-ийг тус тус эзлэв. Харин арилжааны 4 телевизийн дунджаар нийт сонгуультай холбоотой мэдээллийн 41%-ийг захиалгатай-төлбөртэй нэвтрүүлгийн цаг эзэлж, сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл 43%, үлдсэн 16%-ийг далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл эзэлж байна. Хамгийн их далд сурталчилгааны шинжтэй мэдээллийг 25 дугаар суваг телевиз нэвтрүүлсэн бол, хамгийн их сонгогчдын боловсролд зориулсан мэдээллийг TV9 телевиз нэвтрүүлжээ.

6. Өмнөх сонгуулиудтай харьцуулахад хараат бус, сонгогчдын боловсролд зориулсан сэтгүүл зүйн бүтээл нэмэгдэх хандлага ажиглагдаж буй ч бүтээлийн чанар, үр дүнг сайжруулах нь нэн чухал асуудал болж байна.. МҮОНТ-ийн сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл 30%-д хүрсэн нь өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны дүнтэй харьцуулахад 5 пунктээр өссөн үзүүлэлттэй байна.

7. Сонгуулийн тухай хуульд заасан цагийн хязгаарлалт буюу 41.6 /60 минут/, 41.7 /15 минут/, 41.14 /таван минут/ дахь заалтуудыг зөрчсөн тохиолдол илэрсэнгүй.

Тус мониторинг нь МУ-ын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүргийг сайжруулах, иргэд, сонгогчдыг сонгуульд үнэн бодит мэдээлэлтэйгээр оролцоход нь хувь нэмэр оруулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулж буй сурталчилгааны тэгш, тэнцвэрт байдал хэрхэн хангагдаж буйг олон нийтэд ойлгуулах, далд сурталчилгааг илрүүлэх, Сонгуулийн тухай хууль болон ХХЗХ, СЕХ-ны хамтран баталсан “Радио телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих” журмын хэрэгжилтэд хяналт тавих зорилготой

МУ-ын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн сурталчилгааны телевизийн мониторингид  МҮОНТ, ТV9, 25 дугаар суваг, NTV, Монгол HD гэсэн 5 телевизийг хамруулж байна. Дээрх телевизүүдийг Хэвлэлийн хүрээлэн, Максима ХХК-ны 2020 оны судалгаанд үндэслэн сонгосон бөгөөд олон нийтийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, цаг үеийн мэдээний хөтөлбөр нэвтрүүлдэг, зах зээлд дөрвөөс дээш жил оршин тогтносон зэрэг долоон шалгуурыг үндэслэлээ болгож байна.